УНГАР УЛСАД 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хоорондын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг БСШУЯ, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургуулиас тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургуулиас ирүүлнэ. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор хүргүүлж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэйwww.stipendiumhungaricum.hu холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.

Унгарын Тэтгэлгийн хорооны цахим хуудаснаас та тэтгэлгийн зорилго, тэтгэлгийн төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, түүнд тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг бүхий л мэдээллийг сайтар судалж, танилцах нь зүйтэй. Унгар Улсад суралцах хүсэлтэй бол холбогдох хавсаргах баримт бичгээ бүрэн бүрдүүлж, анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, давтагддаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг /The Call for Application 2016-2017 (502.64 KB) / мөн татаж авах боломжтой.

/Цахим анкет 2016 оны I сард нээгдэнэ/ 

Жич: Анкет бөглөхөд суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх цахим хуудсанд өгөгдсөн холбоосоор үзэж, танилцана уу. Өргөдөл гаргагч нь сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх тул энэ мэдээлэлтэй урьдчилан сайтар танилцахыг зөвлөж байна. Түүнчлэн бакалавр, магистрт суралцахаар өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

  1. Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол;
  2. Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг;
  3. Бакалавр, Магистрт суралцаж магистрээр төгсөх хөтөлбөр: Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур
  4. Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
  5. Англи болон Унгар хэл дээр явагдахбогино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол

Суралцах сургууль, хөтөлбөр түүнд тавигдах хэлний шаардлага зэргийг татаж авах эндээс үзнэ үү.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Баримт бичгийн нэр

Тавигдах шаардлага

Цахим анкет

Суралцахаар сонгосон хэл дээр эсвэл англи хэл дээр бөглөх

Товч намтар / CV

Europass форматаар бичигдсэн байх / Зурагтай
/заасан форматыг та Google-с хайж болох /
Суралцахаар сонгосон хэл дээр эсвэл англи хэл дээр байх

Суралцахыг хүсэж буйг илэрхийлсэн захидал
/ Motivation letter

А4 хэмжээтэй бичгийн цаасны 1 нүүр / times new roman 12 хэмжээтэй бичигдсэн байх
Англи эсвэл Унгар хэл дээр бичих

Хэлний чадвар
/ Language proficiency

Суралцахаар сонгосон сургуулийн тухайн суралцахаар сонгож буй хэлний шаардлагыг хангаж байгаа тухай баталгаа / эндээс харна уу /

Боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон тэдгээрийн Англи эсвэл Унгар хэл дээрх нотариатаар баталгаажуулсан орчуулга

Бакалавр: бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл түүнтэй дүйцэх баримт бичгийн хуулбар

Магистр: Бакалаврын дипломын хуулбар эсвэл түүнтэй дүйцэх баримт бичгийн хуулбар

Магистраар төгсөх хөтөлбөр: бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл түүнтэй дүйцэх баримт бичгийн хуулбар

Доктор: Магистрын дипломын хуулбар эсвэл түүнтэй дүйцэх баримт бичгийн хуулбар

Зэргийн бус сургалт: тухайн боловсролын баримт бичгийн шаардлагыг хангах гэрчилгээ, баримт бичиг

Эрүүл мэндийн хуудас

Өгөгдсөн эрүүл мэндийн хуудсыг эмчийн үзлэгт хамрагдан бөглүүлэх(татаж авах (27.5 KB) ),

ДОХ, гепатит A, B, C болон бусад халдварт өвчингүйг харуулах сүүлийн 1 сарын дотор хийлгэсэн шинжилгээний хариуг хавсаргах

/ Шинжилгээний хариуг англи хэл дээр авах боломжтой эмнэлгээр үйлчлүүлнэ үү /

Гадаад паспортын хуулбар

Гадаад паспортын дугаар, зурагтай хуудас, хүчинтэй хугацааг харуулсан хуудасны хуулбар

Судалгааны ажлын төлөвлөгөө(зөвхөн докторт суралцахаар өргөдөл гаргагчид хамааралтай)

А4 хэмжээтэй бичгийн цаасны 2 нүүр / times new roman 12 хэмжээтэй, суралцахаар сонгосон хэл дээр бичих

Нэр дэвшүүлсэн захидал
/ Recommendation letter(зөвхөн докторт суралцахаар өргөдөл гаргагчид хамааралтай) 

Өмнөх болон одоогийн судалгааны ажлын удирдагч, багш, өмнөх болон одоо ажиллаж буй байгууллагаас авч болох, 2 захидал / суралцахаар сонгосон хэл дээр эсвэл Унгар хэл дээр

Зураач, сийлбэрч, барималч болон хөгжмийн чиглэлээр суралцах өргөдөл гаргагч

Мэргэжлээс хамааран 3 ширхэг уран бүтээлийн зураг, загвар, аудио бичлэг /бүтээсэн огноог тэмдэглэх / дэлгэрэнгүйг өргөдөл гаргах зааврын 3.2 хэсгээс харна уу.

 

Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

Өргөдөл гаргагч нь 2016 оны I сараас – III дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. БСШУЯ цаасаар болон цахим хэлбэрээр өргөдөл гаргагчийн анкет, баримт бичгийг хүлээн авахгүй. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэдийн анкет, баримт бичгийг БСШУЯ-нд ирүүлдэг.

I шатны шалгаруулалт: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2016 оны III сарын 25-ны дотор Унгарын талаас ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, 100 нэр дэвшигчийг шалгаруулна. Шалгаруулалтын дүнг2016 оны IV сарын 5-нд тус яамны цахим хуудсаар мэдээлнэ.

II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон (3 хүртэлх) сургуулийн элсэлтийн шалгалтыг 2016 оны IV-VI сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд цахим шуудангаар ирүүлнэ. БСШУЯ энэхүү шалгалтын зохицуулалтад оролцох боломжгүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн заасан хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2016 оны VI сарын 22-ны дотор Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Тэтгэлгийн хороо нь нэр дэвшсэн иргэдэд өөрсдөд нь шууд ирүүлнэ.

Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Тэтгэлгийн хороонд 2016 оны VIII сарын 15-ны дотор мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэдэд тухайн улсад зорчих, оршин суухтай холбогдох зөвлөгөөг тус яам өгөх бөгөөд зарыг тухайн үед мэдээлнэ.

Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 13.30-17.30 цагт БСШУЯ-ны 266428 болон 96988899 утсаар лавлана уу.

 

Health_form study_programmes_eligible_final1512071712

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.