Монголын анхны “Мазаалай” хиймэл дагуулыг ОУ-ын сансрын станцад хүргэх Фалкон-9 пуужин амжилттай хөөрлөө

 

Монголын анхны хиймэл дагуулыг МУИС бүтээж шинжлэх ухаан дээд боловсролын анхдагч гэдгээ 75 жилийнхээ ойн босгон дээр дахин нотлон харуулж байна.

Зураг 1.  Фалкон-9 пүүжин хөөрч байгаа нь

Монголын цагаар өнөө өглөө (2017.06.04) 05 цаг 07 минутын үед АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс Фалкон-9 пуужин амжилттай хөөрлөө [Зураг 1]. Фалкон-9 пуужин нь Драгон [зураг 4] хэмээх сансрын хөлгийг дэлхийн тойрог замд оруулах бөгөөд Драгон хөлөг нь Олон Улсын сансрын станцтай холбогдох бөгөөд Монголчуудын бүтээсэн анхны “Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг тээвэрлэж яваа юм [зураг 2]. Фалкон-9 пуужин нь Кайп Канавераль дах агаарын хүчний баазад дэлхийгээс ниссэн шигээ эргэж буусан ажээ. Харин “Мазаалай” хиймэл дагуул сар орчмын дараа Олон Улсын сансрын станцаас салж өөрийн тойрог замд орон үүргээ гүйцэтгэж эхлэх учиртай.

Тэрхүү түүхэн цаг мөчөөс Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтсэн Монгол улсын анхны хиймэл дагуул сансрын уудамд Монгол улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах ажээ.

Зураг 2. Мазаалай хиймэл дагуул /Бодит хувилбар/

Монголын анхны хиймэл дагуулыг Япон улсын Кюүшү технологийн институтэд сансрын инженерчлэлийн чиглэлээр докторантурт суралцаж буй МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар гардан бүтээсэн байна [зураг 3].

Зураг 3.  Инженерийн багийн гишүүд. Зүүн гараас: Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин

Энэ хиймэл дагуул нь олон улсын “BIRDS” төслийн хүрээнд хийгдсэн ажээ. “BIRDS” буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл юм.

Манай Монголын анхны “Мазаалай” хиймэл дагуул нь 400 км өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээнэ. 437MHz давтамжтай радио долгионоор дуут дохио болон Монгол Улсын Төрийн Дуулал сансраас эгшиглүүлнэ.

Үүнээс гадна шинжлэх ухааны дөрвөн туршилт хийх юм. Үүнд, олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа 7 орны газрын станцын тусламжтай урвуу GPS аргаар байрлал тогтоох, байрлалыг нарийн тогтоосноор дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоож улмаар түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох, дэлхийн нам орбит дахь сансрын цацраг идэвхийг судлах үүрэгтэй.

Монголын анхны хиймэл дагуулыг удирдах бүтээхэд Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Онцгой Байдлын Ерөнхий Газар дэмжин оролцсон байна. Мөн уг хиймэл дагуулыг удирдах газрын станцыг Монголын ард түмэн, МУИС-ийн оюутан, багш, ажилчдын хандив дэмжлэгээр бүтээн байгуулжээ.

Хиймэл дагуулын хамгийн чухал ач холбогдол нь Монгол улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаар тусгаар тогтносон улсын баталгаа, билэг тэмдэг болж байгаа явдалд оршино. Түүнээс гадна зөвхөн нэг дагуул хөөргөөд зогсохгүй удаа дараагийн тусгай зориулалтын  хиймэл дагуул бүтээж хөөргөх мэргэжилтнээ тасралтгүй бэлтгэх эхлэл болж байна. Аливаа улс орон шинэ технологи эзэмшсэнээр  бүх талаар улам хүчирхэгжиж байдаг.

Хиймэл дагуулыг Монгол улсад хөгжүүлснээр  эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтойг  товч дурдъя. Хэрэв сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед  тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай. Мөн цөлжилт, ойн ургамлын өвчнөөс сэргийлэх, ургамлын гарц, хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд  нэн үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь авч дамжуулбал малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад үнэтэй мониторингийн мэдээлэл болно. Эдгээр мэдээллийг өөрсдийн хүссэн хугацаандаа, хүссэн газар нутгийн хүрээнд авч чаддаг байх нь улс орны хувьд онцгой ач холбогдолтой.

Зураг 4. Драгон сансрын хөлөг

Нийтэлсэн: М.Алтансүх

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.