“Химийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд МУИС-ийн “ProNUM” баг түрүүллээ

 

Монгол Улсын Их Сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимээс оюутан залуус, сурагчдыг химийн шинжлэх ухаанд дурлуулах, химийн шинжлэх ухааны үнэ цэн, химич мэргэжил эзэмшихийн давуу тал, химийн шинжлэх ухааны амьдрал дахь хэрэглээг олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Химийн шинжлэх ухааныг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг анх удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний үеэр багууд мэндчилгээ, гэрийн даалгаврын бүтээл (индикаторын цаас бүтээх)-ээ танилцуулах, сонирхолтой асуулт хариулт, асуудал шийдвэрлэх зэрэг даалгавраар оюун ухаанаа сорьсон юм.

Гэрийн даалгавар болох универсаль индикаторын цаасыг бүтээхдээ баг болгон өөр өөрийн онцлогтойгоор өөр өөр түүхий эдээс универсаль индикаторыг бүтээж, индикаторын цаасыг хэрэглэхэд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх, мөн тухайн индикаторын цаасыг хямд өртөгтэй хэдий ч хэмжих муж сайтай байхаар бүтээхийг оролдсон нь сайшаалтай.

Тэмцээний шүүгчдээр, МУИС-ийн Химийн тэнхимийн багш професоор Ц.Даржаа, ШТУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн багш дэд профессор Д.Илчгэрэл, ХААИС-ийн Химийн тэнхимийн багш Г.Отгондэмбэрэл нар ажилласан юм. Шүүгчдийн зүгээс энэхүү тэмцээнийг оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг болсон, шинжилгээ судалгааны ажилд дур сонирхолтой болгоход түлхэц өгсөн тэмцээн боллоо хэмээн дүгнэв.

Тэмцээнд МУИС-аас 2, Шинэ Монгол технологийн дээд сургууль (ШМТДС), Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (МГТИС)-аас тус бүр 1, нийт 4 баг оролцсоноос МУИС-ийн “ProNum” баг-I, МГТИС-ийн “Glück auf” баг-II, МУИС-ийн “Илрүүлэгчид” баг-III, ШМТДС-ийн “Blue-Violet” баг-IV тус тус эзэллээ.

Холбоотой мэдээлэл