Сургалт

Тус тэнхим антропологи-археологийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шатласан сургалт явуулж боловсон хүчин бэлтгэдэг, сургалт-эрдэм шинжилгээг хослуулсан манай улсын цорын ганц мэргэжлийн байгууллага юм. 

Тус тэнхим антропологи – археологийн бакалаврын түвшинд орчин үеийн  дэлхийн тэргүүлэх орнуудын антропологийн сургалтын хөтөлбөрөөр нийгэм соёлын антропологи, археологи, биологийн антропологийн үндсэн  мэдлэг, Ази болон монгол орны эртний соёл иргэншлийн түүх, монголын болон дэлхий дахины түүхийн суурь мэдлэгийг эзэмшүүлэх сургалт явуулснаар   түүх, нийгэм соёлын антропологи, археологи, биологийн антропологоор мэрэгшсэн боловсон хүчин бэлтгэж байна.

Манай оюутнууд 2-р ангид монгол орны биет болон биет бус өв, археологийн дурсгалуудтай танилцах, 3-р ангид антропологи-археологийн судалгааны арга зүй эзэмших зуны хээрийн дадлага хийж эзэмшиж буй онолын мэдлэгээ практик амьдралд бүтээлчээр ашиглах дадал чадварыг эзэмшдэг.

Мөн баклавр болон дипломын дараах сургалтанд хамрагдаж буй оюутнууд тус тэнхимээс гүйцэтгэж буй үндэсний болон олон улсын хамтарсан антропологи-археологийн судалгаанд жил бүр оролцож мэргэжлийн онол практикийн өргөн мэдлэг олох боломжтой.

Тэнхимийн дижитал лаборатори, лаборатори-музей нь монголын нийгэм соёл, археологийн ховор нандин, үнэт  баялага олдворууд бүхий сан хөмрөг болон эртний хүн судлалын олдворын баялаг цуглуулгатай бөгөөд тэнхимийн бүх шатны сургалт, судалгаанд өргөн ашигладаг болно.

Тэнхимийн номын сан

Тус тэнхмийн дэргэд антропологи-археологийн чиглэлээр гадаад, дотоодод хэвлэгдсэн 5000 гаруй мэргэжлийн ном, сэтгүүлийн арвин фонд бүхий номын сантай.