Газарзүйн тэнхим

МУИС-ийн Газарзүйн салбар нь дэлхий судлалын чиглэлээр олон мянган мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийг бэлтгэн гаргасан эрдмийн их уурхай, эрдэм шинжилгээ сургалт, судалгааны ажлын түшиц газар юм.

МУИС-ийн зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах тухай МАХН-ын ТХ, БНМАУ-ын СнЗ-ийн /хуучин нэрээр/ 1956 оны VII сарын 28-ны өдрийн 350/222-р тогтоолыг үндэслэн МУИС-ийн ректорын 394 тоот тушаалаар 1956 оны VIII сарын 25-нд багш нарын  факультетийн бүрэлдэхүүнд Газарзүйн тэнхим анх байгуулагдсан бөгөөд түүний эрхлэгчээр нь Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Газарзүйн секторын эрхлэгч газарзүйн ухааны дэд эрдэмтэн Шагдарын Цэгмид /хожим ШУ-ны доктор, профессор, академич, төрийн шагналт/-ийг томилсон байна.

Салбарын суурь нь 1956 онд Багш нарын факультетийн бүрэлдэхүүнд Газарзүйн салбар анх байгуулагдсан цагаас эхлэлтэй бөгөөд Багш нарын факультет нь 1958 оноос байгалийн ухааны факультет болж өөрчлөгджээ. 1960 оны 4-р сарын 11-нд МУИС-д Геологийн салбар байгуулагдсан ба 1967-1970 онд Геологи – Газар зүйн Факультет гэж нэрлэгдэж байлаа. 1970 онд МУИС-иас Политехникийн Дээд Сургууль салахад Геологийн салбар Политехникийн Дээд Сургуульд, Газар зүйн салбар МУИС-ийн БУФ-д харьяалагдан өөрчлөгдсөн бөгөөд 1992 онд МУИС-д Геологийн салбар нээгдсэнээр дахин нэгдсэн байна. 1998 он хүртэл БУФ-д харьяалагдаж байсан тус факультет нь 1998 оноос Газар зүй–Геологийн Факультет болон салж бие даасан үйл ажиллагаа явуулах болсон юм. 2004 онд факультетийн дэргэд Гео экологи – Газрын менежментийн тэнхим байгуулагдаж 3 тэнхимтэй болон өргөжсөн байна. 2009 оны 2-р сарын 9-нд МУИС-ийн Захирлын тушаалаар Физик Электроникийн Сургуульд харьяалагдаж байсан Цаг уур, ус судлалын салбар тус факультетийн бүрэлдэхүүнд харьяалагдах болсноор факультетийн бүтэц шинэчлэгдэн Хот төлөвлөлт,Газар зохион байгуулалтын тэнхим, Геоэкологи Орчин судлалын тэнхимүүд байгуулагдаж байжээ. 2011 оны 9-р сараас Газарзүй Геологийн Сургууль өргөжиж, Газарзүй-Аялал жуулчлалын тэнхмээс Аялал жуулчлалын тэнхим бие даан, Геологи-Ашигт малтмалын тэнхмээс  Ашигт малтмалын тэнхимүүд  тус тус бие даасан тэнхим болж байсан юм.

Харин 2014 онд МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим болон шинэ бүтэц зохион байгуулалтанд оржээ.

Эрхэм зорилго

Тус салбарын эрхэм зорилго нь дэлхий судлалын шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хөгжлийн нийтлэг хандлагад нийцсэн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулж, мэдлэгт суурилсан нийгэмд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Газарзүйн  тэнхмийн бүтэц, бүрэлдэхүүн

  • Профессор –5
  • Дэд профессрор -2
  • Гэрээт 50%-ийн профессор- 2
  • Ахлах багш -7
  • Багш – 9
  • Сургалтын инженер – 1
  • Туслах ажилтан – 1