Эрдэм шинжилгээ

Монгол орны амьтны аймаг, ургамалжилтын судалгааны чиглэлээр биологийн тэнхимд ажиллаж байсан эрдэмтэн А.Г.Банников, А.А.Юнатов нарын судалгаа шинжилгээний үр дүн МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичгийн эхний дугаарт 1946 онд хэвлэгдсэн байдаг. Тэдгээр бүтээлүүд хожим нь шинжлэх ухааны монографи болон хэвлэгдсэн бөгөөд манай орны ургамал, амьтны аймгийн ангилал зүй, экологи, биогеографийн талаарх үндсэн гол бүтээлүүд болон өнөө хүртэл залуу судлаач, оюутан суралцагсдад хэрэглэгдсээр байгаа билээ.

Тус факультетийн багш судлаачид өөр өөрийн мэргэжлийн чиглэлээр оюутан залуучуудыг эрдэм судлалын ажилд дагалдуулан сургахын зэрэгцээ судалгаа шинжилгээний тодорхой чиглэлүүдээр шавь сургуулийг үүсгэн хөгжүүлсэн юм. Тухайлбал, профессор А.Дашдорж загас, усны амьтан судлалын шавь сургуулийг үүсгэн хөгжүүлсэн бол, профессор А.Цэндсүрэн шавьж судлалын чиглэлээр шавь сургуулийг үүсгэн хөгжүүлж, тэдний шавь нараас 10 гаруй судлаач шинжлэх ухааны докторын болон дэд докторын зэргийг хамгаалаад байна. Түүнчлэн академич Н.Даваа, академич О.Шагдарсүрэн нар хөхтөн амьтан, шувуу судлалын чиглэлээр шавь сургууль үүсгэн хөгжүүлж олон арван залуу судлаач, эрдэмтдийг төрүүлсэн бол, профессор Ц.Жамсран ургамлын эмбриологийн чиглэлээр шавь сургуулийг үүсгэн хөгжүүлж, профессор Р.Балдорж эсгэлэн сүүн бүтээгдэхүүний биохими-микробиологийн чиглэлээр, профессор Т.Гун-Аажав биологийн объектод явагдах физик үзэгдлийн судалгааны чиглэлээр шавь сургуулийг үүсгэн хөгжүүлж олон арван залуу судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргажээ.

Тэнхмийн багш нар болон судлаачдын судалгаа шинжилгээний ажлын үр дүнг олон нийтийн хүртээл болгох зорилгоор Mongolian Juurnal of Biological Science сэтгүүийг  жил бүр хоёр дугаарыг англи хэлээр дээр эрхлэн хэвлүүлж байгаа бөгөөд бөгөөд эдүгээ Монгол улсын Олон улсын хянан магадлагаа хийгддэг, мөн Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн томоохон мэдээллийн бааз болох “Web of Knowledge”-д бүртгэлтэй Монголын анхны сэтгүүл болон хөгжжээ.

Тэнхмийн багш нар эрдэм шинжилгээ, сургалтын олон зуун бүтээл туурвисан бөгөөд шинжлэх ухааны нэг сэдэвт бүтээл, сурах бичиг 50 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 2000 гаруйг бичиж гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлжээ. Тус факультетийн багш нарын бүтээл АНУ, Япон, Англи, Франц, Герман, Испани, Канад, Чех, Унгар, ОХУ, Солонгос зэрэг шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнуудад хэвлэгддэг олон улсын статус бүхий өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд нийтлэгдэж гадаадын судлаачдаас өндөр үнэлгээ авч байдаг юм.