Сургалт

МУИС нь 1951 хими-биологийн багш, 1959 оноос Биологич, биологийн багш мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй. 1963 онд Биологийн тэнхим нь Амьтан судлал, Ургамал судлалын тэнхим болон өргөжин зохион байгуулагдсан үеэс суралцагсдыг биологич-амьтан судлаач, биологич-ургамал судлаач гэсэн хоёр чиглэлээр, 1978 оноос агнуур зүйч, 1981 оноос биофизикч, 1982 оноос биохимич, 1985 оноос микробиологич, 1989 оноос экологич, генетикч, 1990 оноос ой зүйч, 1994 оноос Уургийн хими ба биоорганик химич, 2004 оноос Байгалийн аялал жуулчлалын менежер чиглэлээр мэргэшүүлэн бэлтгэж байна. Энэ хугацаанд тус факультет нь  2000 орчим биологич мэргэжилтэн төгсгөн гаргажээ.

1991-1992 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, доктор гэсэн шаталсан сургалтанд шилжсэн юм.  Энэ хугацаанд  200 орчим магистр, 15 доктор бэлтгэн гаргажээ.

2005-2006 оны хичээлийн жилд тус факультетэд 600-аад бакалаврын шатны оюутан, 120 гаруй магистрант, 70 орчим докторант суралцаж байна.

 Оюутны бие даан суралцах төв

Факультетийн багш нар, судлаачид, оюутан, магистрант, докторантуудад мэргэжлийн ном, сэтгүүл болон бусад хэвлэмэл материалаар үйлчилж, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан тэдэнд мэргэжлийн шинэлэг мэдээллийг түгээх, түүнчлэн мэргэжлийн ховор ном сэтгүүл болон чухал шаардлагатай мэдээ материалыг хувилан олшруулж нийтийн хүртээл болгох, докторант, магистрант, төгсөх ангийн оюутнуудын судалгааны семинари явуулах, мөн бакалавр, магистр, докторын ажлаа бичиж бэлтгэх үндсэн орчин буюу мэргэжлийн мэдээлэл, сурталчилгааны төв болгох зорилгоор 2001 онд ОБДСТ-ийг байгуулжээ.

Тус төвийг байгуулахад тухайн үед деканаар ажиллаж байсан Р.Самъяа, Б.Баяртогтох нарын санаачлага, зүтгэл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Магистр Т.Тунгалаггэрэл тус төвийн эрхлэгчээр идэвхи санаачлагатай ажиллаж байна.

ОБДСТ нь олон тооны ном, сэтгүүл болон ахмад багш нар хамтран ажиллагч төсөл, байгууллага, хувь хүмүүс, төгсөгчдийн хандивласан номоор байнга баяжигдан ирлээ. Монгол улсын гавъяат багш, академич Н.Даваа, Монголын ууган шавьж судлаач, профессор А.Цэндсүрэн, профессор Х.Сүхбат, ахмад багш Д.Бумжаа, доктор Л.Чимэдрэгзэн, Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан асан доктор, профессор Ө.Цогт, доктор Д.Банзрагч нарын гэр бүл, үр хүүхдүүд, мөн манай төгсөгчид, багш, ажилчид болон Азийн Хөгжлийн Сан, АНУ-ын Массачусетисийн Их сургууль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Германы судалгааны нийгэмлэг, Дарвины санаачлага төсөл/Nigel W.H.Bat/, Монголын байгаль хамгаалах нийгэмлэг, Монгол-Зөвлөлтийн хамтарсан биологийн иж бүрэн экспедици, Их говийн шүхэр зүйл төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сан, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Дорнод Монголын биологийн төрөл зүйл төсөл, Дэлхийн банк, БОЯ-ны “байгаль орчны эрх зүйг дээшлүүлэх” төсөл , Азийн сан зэргийг дурьдаж болно. Мөн Массачусетисийн Их сургуулийн докторант, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн ажилтан Kirk Olson манай төвд олон тооны чухал, ховор ном, сэтгүүлийг нэг биш удаа хандивласан (300 гаад ном, 1000 гаруй мэргэжлийн сэтгүүл).

Декан М.Цогбадрах тус төвийн номын фондийг шинэ номоор хангах, өрөө тасалгааг өргөтгөх талаар анхаарал тавьсаны үр дүнд ОБДСТ-ийн ашиглалтын талбайг хоёр дахин ихэсгэж, номын фонд, уншлагын танхимтай болгон  сүүлийн 3 жилд 3 сая орчим төгрөгийн ном сурах бичиг худалдан авсан байна.

Тус төв нь англи хэл дээр 370, орос хэл дээр 1800, монгол хэл дээр 1000 гаруй ном буюу нийт 3200-аад ном, 3000-аад сэтгүүлтэйгээр факультетийн нийт суралцагсад, багш ажилсагчдад үйлчилж байна.

Компьютерийн сургалтын лаборатори

Компьютерийн лаборатори нь 1998 онд Биофизикийн тэнхмийн багш П.Энхбаяр, Ч.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн. 1999 оноос МУИС-ийн Хөгжлийн сангийн ивээн тэтгэлэгээр 20 компьютертэй шинэчлэн байгуулагдсан юм. Компьютерийн сургалт, мэдээллийн лабораторийн эрхлэгчээр багш Ч.Баттулга (1998 оноос одоо хүртэл), оператороор Д.Оюун (2000-2003),  Г.Мөнгөнсарнай (2003-2004), сургалтын инженерээр Ц.Оргилмаа (2004-2005) нар ажиллаж ирлээ.