Гадаад харилцаа

Тус тэнхим нь гадаадын их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа олон чиглэлээр өргөн далайцтай явуулдаг юм. Тухайлбал хамтын ажиллагааны олон жилийн уламжлалтай Москвагийн их сургууль, ХБНГУ-ын Халлегийн их сургууль, Гумболъдтийн их сургуулийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд Германы Гөттингений их сургуулийн Байгаль хамгаалах төв, Марбургийн их сургуулийн Газарзүйн салбар, Оснабрукийн их сургуулийн Биологи-химийн факультет, АНУ-ын Колумбын их сургуулийн Дэлхий судлалын обсерватори, Филадельфийн Байгаль шинжлэлийн академи, Японы Ёкохамагийн их сургуулийн Экологи-технологийн факультет, Хоккайдогийн их сургуулийн ХАА болон Мал эмнэлгийн факультет, Тохокугийн их сургуулийн Фармакологийн факультет, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургууль, Биологи-биотехнологийн институт зэрэг байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар танхмийн багш, ажилтнууд ХБНГУ-ын Геттенгиний их сургуулийн Байгаль Хамгаалах Төвтэй хамтран Ойт хээрийн экосистемийн экологийн урт хугацааны судалгаа, Халлегийн их сургуультай хамтран Зарим махчин шувуу, мэрэгчдийн судалгаа, Оснабрукийн их сургуультай хамтран Ургамлын ангилалзүй, эволюци, Марбургийн их сургуультай хамтран Говь Гурван Сайханы үндэсний цогцолбор газрын экологи, бэлчээрийн менежмент, Гумбольдтийн их сургууль, ОХУ-ын Москвагийн их сургуультай хамтран Биологийн процессийн энергетик, кинетикийн судалгаа, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Биологийн төрөл зүйл төсөлтэй хамтран Дорнод Монголын хээрийн экосистемийн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах, АНУ-ийн Филадельфийн Байгаль шинжлэлийн академи, Японы Бива нуур судлалын институттэй хамтран Хөвсгөл нуурын гидробиологийн судалгаа, АНУ-ын Колумбын их сургуультай хамтран Дендрохронологийн судалгаа, Мичиганы их сургуультай хамтран Эх газрын томоохон нууруудын цахиур замгийн ангилал зүй, Японы Ёкохомагийн их сургуультай хамтран Азийн зарим орны хөрсний микрофауны экологи, ангилал зүй, Хоккайдогийн их сургуультай хамтран Бүх нийтээр дулаарах процесст фотосинтез өөрчлөгдөх зүй тогтол, Уургйн бүтцийн онолын судалгаа, Тохокүгийн их сургуультай хамтран Монголын эмийн ургамлын судалгаа, БНСУ-ын СҮИС-тай хамтран уураг, пептидийн биофизикийн судалгаа, Биологи-биотехнологийн институттэй хамтран Байгалийн гаралтай биологийн идэвхит бодисын судалгаа, Английн шувуу судлалын төвтэй хамтран Монгол орны идлэг шонхорын экологи, хамгаалах асуудал зэрэг хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Түүнчлэн ШУТСан болон салбарын яамд, дотоодын санхүүжүүлэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр Биологийн процессийн физик үндсийн судалгаа, Хувьслаараа ялгаатай ургамлуудын хлорпласт дахь хүчилтөрөгчөөс хамаарах электрон зөөлт, Уураг пептидын биофизик судалгаа, Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх дэвшилтэт технологи, үлийн цагаан оготны экологийн судалгаа, Монгол орны ховор ургамлын судалгаа, хамгаалах асуудал зэрэг эрдэм шинжилгээний сэдэвт ажилуудыг хариуцан гүйцэтгэж байна.

Эдгээр эрдэм шинжилгээний төсөлт ажлуудад зөвхөн багш нар, судлаачид төдийгүй оюутан, магистрант, докторантууд оролцон ажиллаж судалгаа шинжилгээний ажлын арга зүй, дадал эзэмшиж, судалгааны материал цуглуулж хуримтлуулдаг бөгөөд энэ нь тэдний цаашдын эрдэм судлалын ажилд чухал ач холбогдол бүхий нөлөө үзүүлдэг юм.

Тус тэнхим цаашид Биологийн шинжлэх ухааны чиглэлээр сургалт, судалгааны ажлыг өндөр төвшинд хослуулан гүйцэтгэдэг, олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээний сургалт-эрдэм шинжилгээний томоохон төв болон хөгжих зорилт тавин ажиллаж байна.