Биологийн тэнхим

Биологийн тэнхим нь МУИС байгуулагдсан анхны жил буюу 1942 онд Багш нарын факультетийн бүрэлдэхүүнд байгуулагдсан юм. Тус тэнхим нь тухайн үед хүн эмнэлэг, мал эмнэлэг, багшийн ангийн оюутнуудад биологийн мэргэжлийн хичээлүүдийг заах ажлыг хариуцан гүйцэтгэж байжээ.

Тухайн үед үндэсний биологич мэргэжилтэн байгаагүйн улмаас эхний жилүүдэд ЗХУ-ын эрдэмтэн багш нар урилгаар ирж ажиллаж байв. Тухайлбал, нэрт эрдэмтэн, амьтан судлаач профессор А.Г.Банников (1942-1945 онуудад) ургамал судлаач, профессор А.А.Юнатов (1942-1948), амьтан судлаач, профессор В.Н.Скалон (1945-1947) нар хичээл заахын зэрэгцээ Монгол орны амьтан, ургамлын  аймгийн судалгааг хийж, оюутан залуучуудыг дагалдуулан сургаж байлаа. Профессор А.А.Юнатов А.Г.Банников нар 1943 онд МУИС-аас зохион байгуулсан анхны эрдэм шинжилгээний экспедицийг удирдан явуулсан бөгөөд экспедицийн бүрэлдэхүүнд тухайн үеийн тэнхмийн туслах ажилтнаар ажиллаж байсан хожмын нэрт эрдэмтэн Д.Цэвэгмид, Т.Бат-Эрдэнэ нар оролцож байжээ.

Тус тэнхимд 1958 оноос Москвагийн их сургуулийн профессор Н.П.Наумов (1958), Г.П.Дементьев (1958,1961), Б.А.Кузнецов, О.В.Жаров (1976, 1977), Д.И.Комарников (1977), К.Д.Хлудеев (1978, 1979) нарын нэрт эрдэмтэд уригдан ирж багшилж байлаа.

Биологийн тэнхим нь Химийн тэнхимтэй хамтран 1951 оноос эхлэн дунд сургуулийн хими-биологийн багш бэлтгэх үүрэг бүхий бие даасан салбар болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Хими, биологийн салбар нь өргөжин тэлсээр 1958 онд газарзүй, геологи, физик, математикийн салбарыг өөртөө нэгтгэсэн Байгалийн Ухааны Факультет болон зохион байгуулагджээ.

Тус тэнхимээс 1959 онд ХААДС-ийн биологийн тэнхим, 1961 онд ШУА-ийн Байгалийн Ухааны Хүрээлэнгийн Амьтан судлалын сектор тус тус салбарлан байгуулагджээ.

1963 онд Биологийн тэнхим нь Амьтан судлал, Ургамал судлалын тэнхим болон салбарлан зохион байгуулагдсан үеэс суралцагсдыг биологич-амьтан судлаач, биологич-ургамал судлаач зэрэг чиглэлүүдээр мэргэшүүлэн сургаж эхэлжээ. Түүнчлэн 1973 оноос Амьтан судлаач, Ургамал судлаач, Агнуур зүйч, 1981 оноос Биофизикч, 1982 оноос Биохимич, 1984 оноос Микробиологич, 1989 оноос Экологич, Генетикч, 1990 оноос Ой зүйч, 1994 оноос Уургийн хим ба биоорганик химич, 2004 оноос Байгалийн аялал жуулчлалын менежер (экотуризм) зэрэг мэргэшүүлэх чиглэлүүдээр сургалт явуулж байна.

Дээр дурьдсан мэргэжлийн тэнхимүүд нэгдэн 1991 онд Биологийн Сургалт-Эрдэм Шинжилгээний Хүрээлэн болон зохион байгуулагдсан бөгөөд тус хүрээлэнгийн бүрэлдэхүүнд Биофизикийн тэнхим, Уургийн химийн лаборатори, Ой судлалын  тэнхимүүд нэмж харьяалагдсан юм. Тус хүрээлэн 1996 онд Биологийн Факультет болон өргөжиж МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус тэнхимд Монголын ууган биологич-эрдэмтэн, Монгол улсын анхны гавъяат багш, ШУА-ийн сурвалжлагч гишүүн, профессор Д.Цэвэгмид, нэрт эрдэмтэн, загас судлаач профессор А.Дашдорж, Монгол Улсын гавьяат багш, академич О.Шагдарсүрэн, Монгол Улсын гавъяат багш, академич Н.Даваа, Монголын ууган шавьж судлаач эрдэмтэн профессор А.Цэндсүрэн, биохимич профессор Р.Балдорж, ургамал судлаач академич Ц.Даваажамц, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич Н.Өлзийхутаг, шувуу судлаач академич А.Болд, паразит судлаач профессор Г.Данзан нарын нэрт эрдэмтэн, багш нар ажиллаж байлаа.

Түүнчлэн тус салбарыг төгсөгчдөөс олон арван нэрт эрдэмтэд, хөдөлмөрийн сайчууд төрөн гарсан юм. Тухайлбал, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич А.Дулмаа, Монгол Улсын гавьяат багш, академич О.Шагдарсүрэн, Монгол Улсын төрийн шагналт, доктор О.Батмөнх, төрийн шагналт, биологич Ж.Цэрэндэндэв, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич Н.Өлзийхутаг, академич А.Болд, профессор А.Цэндсүрэн, профессор Р.Балдорж, профессор Г.Эрдэнэжав, профессор Г.Данзан, Монгол улсын гавьяат багш профессор Х.Мөнхбаяр, профессор Ц.Цэндээхүү, профессор К. Улыкпан, профессор Г.Цэрэнбалжид нар бөгөөд эдгээр эрдэмтэн судлаачид туc оронд биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний биологич мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахад үлэмж их хувь нэмэр оруулсан юм.