Антропологи, археологийн тэнхим

Нийт хүн төрөлхтөний болон монгол хүний нийгэм, соёл иргэншлийн түүхийг өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд орон зайн өргөн хүрээнд судалдаг, тус оронд нэн ховорхон антропологи-археологийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шатласан сургалт явуулж боловсон хүчин бэлтгэдэг, сургалт-эрдэм шинжилгээг хослуулсан манай улсын мэргэжлийн байгууллагын нэг нь МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхим юм.

            Тус тэнхим нь нийгэм соёлын антропологи болон археологи-антропологийн хоёр салбараас бүрддэг бөгөөд байгуулагдсан цагаас хойш  (1989, 1995) антропологич, антропологич-түүхийн багш,  археологич-түүхч, түүхийн багш, түүхч-антропологич мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн антропологи, археологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хариуцлагатай  үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ. Энэ хугацаанд 16 удаа төгсөлт хийж 300 гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдсэнээс эдүгээ тэнхимийн дэргэдэх докторантурт 10, магистрантурт 20 гаруй, АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Англи, Герман зэрэг орны их сургуулиудад 10 төгсөгчид мэргэжлээрээ  МА болон Ph.D. хөтөлбөрт суралцаж байна.

            Уг тэнхим нь Нээлттэй нийгэм хүрээлэнгийн AFP хөтөлбөр, АНУ-ын Веннер Грен сангийн Institutional Development Grant  хөтөлбөр, Европын  холбооны дээд боловсролыг дэмжих “TAСIS” хөтөлбөрийн хүрээнд Английн Кембриж, Оксфордын Их сургуулиуд, Данийн Оденсийн  Их сургуультай хамтран мэргэжлийн сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулга, сургалтын баазыг олон улсын жишигт хүргэсэн билээ.

            Салбарын 2-р ангийн оюутнууд монгол орны биет болон биет бус өв, археологийн дурсгалтай танилцах, 3-р ангид антропологи-археологийн судалгааны арга зүй эзэмших зуны хээрийн дадлага, 4-р ангийн оюутнууд багшлах дадлага хийж эзэмшиж буй онолын мэдлэг, мэргэжлээ практик амьдралд бүтээлчээр ашиглах дадал чадварыг эзэмшдэг юм.

Тус тэнхим “Монголын түүх,  археологийн дурсгалыг хамгаалах үндэсний төв”,

“ Жендерийн судалгааны төв” зэрэг төрийн бус байгууллагатай бөгөөд уг ТББ нь түүх, соёл, археологийн дурсгалыг авран хамгаалах, соёлын өвийг хамгаалах хуулийг сурталчилах зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг.

Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот
МУИС-ийн хичээлийн 2-р байр, 222, 201, 202 өрөө
Антропологи-Археологийн тэнхим
Утас: 976-11-77307730 (2310)
Fax: 976-11-320159
Тэнхимийн эрхлэгч: Ц.Цэцэгжаргал, доктор (PhD)