Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Хүн төрөлхтний мэдээлэл, харилцааны түүхэнд дөрвөн их хувьсгал гарсан нь хэл яриа үүссэн, бичиг үсэгтэй болсон, ном барлаж хэвлэсэн, мэдээллийн зориудын хэрэгсэл буй болсон явдал юм. 

Дөрөв дэх хувьсгалыг мэдээллийн эриний эхлэлийг  тавьсан онцгой үйл явдал гэж үздэг билээ. Монголд тэр хувьсгалын бэлгэ тэмдэг болсон анхны тогтмол хэвлэл үүсээд зуу шахам жил болжээ. Энэ хугацааны бараг тэн хагаст Монголын сэтгүүл зүй хуучин бичиг соёлын өв, үндэсний сэхээтнүүдийн монгол хар ухаанд тулгуурлан баримжаагаар явж ирсэн байдаг.

Харин манай орны эрдмийн уурхай болсон МУИС-д 1960 онд сэтгүүлчийн мэргэжлээр анх оюутан элсүүлж, улмаар нэг жилийн дараа сэтгүүл зүйн мэргэжлийн тэнхим байгуулснаар дээд боловсролтой үндэсний сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж, сэтгүүл зүйн сургалт, судалгааны ажлыг эхлүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй эрхлэн хөтлөх цоо шинэ үе эхэлсэн юм.

1960-1961 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэл, түүхийн факультетийн Т.Пагва эрхлэгчтэй Хэл шинжлэлийн тэнхимийн харъяанд сэтгүүлчийн анги нээсэн байна. Улмаар 1961-1962 оны хичээлийн жилд тус факультетийн дэргэд Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдаж байсан.