Их Британи, Америк судлалын тэнхим

Их Британи, Америк судлалын тэнхимийн  эрхэм үүрэг нь англи хэл, соёл судлалаар үндэсний цөм нь байж эрдэм шинжилгээ, сургалтын нэгдлийг хангаж, мэдлэгт суурилсан, нийгэмд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино. 

Их Британи, Америк судлалын тэнхим нь 1956-1957 оны хичээлийн жилд Нийгмийн Ухааны Институтын Түүх- Хэлний Факультетийн дэргэд англи хэлний ангийг 12 оюутны бүрэлдэхүүнтэйгээр байгуулснаар Монгол улсад англи хэлийг мэргэжлийн түвшинд албан ёсоор заах үндэс суурь тавигдсан. Одоо тус тэнхимд 21 багш, нэг туслах ажилтан байгаагаас дэд профессор 3, 18 магистр багш, 1 багш АНУ-д Фулбрайтын тэтгэлэгээр магистрантурт сурч байна. Тэнхимийн эрхлэгчээр ахлах багш Ж.Эрдэнэбат ажиллаж байна. Их Британи, Америк судлалын тэнхим нь таван хөтөлбөрөөр өдрийн анги, хоёр жилийн оройн бакалаврын анги зэрэг сургалтыг эрхлэн явуулж байна. Өдрийн ангид англи хэл, багш; англи хэл, орчуулага;  Америк судлал; Их Британи судлал; англи хэл, уран зохиол мэргэжлээр 240 оюутан, оройн ангид 20 оюутан  тус тус суралцаж байна.

Их Британи,  Америк судлалын тэнхимийн судалгааны тэргүүлэх чиглэл

  • Хэл шинжлэлийн салбар: Англи  хэлний бүтэц, тогтолцоо, хэв шинжийн судалгаа
  • Хэрэглээний хэл шинжлэлийн салбар: Англи хэлний заах арга, сурахзүй,   үнэлгээ, дүн шинжилгээ, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, орчуулгын онол, дадал, хичээлийн материалыг боловсронгуй болгох судалгаа.
  • Соёл судлалын салбар: Англи, америкийн утга зохиол, түүх, орон, хүн судлал, эдийн засгийн газарзүй, нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцооны судалгаа.

Их Британи, Америк судлалын тэнхимийн хамт олон хэл, орон судлал, багш, уран зохиол, орчуулгын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, их, дээд сургуулиудын дунд сургалт, заах арга, эрдэм шинжилгээний ажлаараа тэргүүлж, англи хэлний бодлого, хэтийн төлөвийг тодорхойлсон англи хэл, орон судлал, орчуулгын төв болох эрхэм зорилго тавин ажиллаж байна.