Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим нь 1945 онд байгуулагдсан МУИС-ийн ууган тэнхимийн нэг бөгөөд байгуулагдсан цагаасаа үндэсний хэлбичгийн мэргэжилтэн, багш судлаач бэлтгэх боловсрол судалгааны гол байгууллага байсаар ирсэн төдийгүй, гадаадын монгол судлаач нарыг бэлтгэхэд их үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Түүнчлэн тус тэнхим монгол орноо гадаад улс оронд таниулах, сурталчлах улмаар гадаад харилцааг хөгжүүлэх нэг төв болж байдаг. Тодруулбал, монгол хэл сурахаар гадаадын 37 улсаас 2200 гаруй оюутан суралцаж, мөн ази, европ, америкийн 15 улсын 24 их сургуульд манай сургуулийн багш нар мэргэжлийнхээ дагуу зочин профессороор ажиллаж ирсэн бөгөөд гадаадын суралцагчдад зориулсан монгол хэлний олон арван сурах бичиг, толь бичиг зохион хэвлүүлж ашигладаг болжээ.

2014-2015 оны хичээлийн жил тус тэнхимд 30 гаруй эрдэмтэн, профессор багш ажиллаж, бакалаврт 262, магистрт 48, докторт 62, монгол хэлний бэлтгэл ангид  92 гадаад оюутан суралцаж байна.

Тэнхим үүсэн байгуулагдсанаас хойш Академич Ш.Лувсанванданы үүсгэсэн дэг сургуулийг  хэлшинжлэлийн бүх төвшний судалгаанд онол арга зүйн үндэс болгон дэлгэрүүлэн гүнзгийрүүлж,  авианзүй, бүтээвэр судлал, өгүүлбэрзүй, үгийн сан утгазүйн ерөнхий тогтолцоог тодорхойлж бие даасан бүтээлүүд гарчээ. Үүний зэрэгцээ авиа, авиалбараас эхлээд цогцолбор эх хүртэлх хэлний бүх нэгжийн утгыг мэдэгдэхүүн, мэдэхүүн, хэл, хэлэхүйн шүтэлцээнд  тогтолцоотой тодорхойлохдоо монгол хэлний утгат нэгж нь үелбэр-утгалбарын бүтцээс үүтгэлтэй гэсэн үзэл баримтлал, хэлц нэгжийг хэлшинжлэл, сэтгэл судлал, угсаа судлал, соёл судлал, танихуйн онол зэрэг хүмүүнлигийн ухааны уулзвар дээр шинжлэн тайлбарлах аргазүйн чиг хандлагууд нь шинэ чиглэлийн судалгааны суурь болж байна.Монгол бичгийн хэл, түүний дурсгалыг судлан тайлбарлах нь бие даасан судалгааны чиглэл болж ирсэн. Энэ хүрээнд монголчуудын хэрэглэж ирсэн олон үсэг бичгээрх уламжлалт мэдлэг ухааны эх сурвалжуудыг харьцуулан судлах, монгол хэл, манж, төвд хэлээрх түүх, соёлын сурвалж бичгүүдийг шинжлэн тайлбарласан цувралуудыг судлаачдын хүртээл болгох ажил өрнөн хэрэгжиж байна.

Эдүгээ тус тэнхим монгол хэл-утга зохиолын багш; монгол хэл- утга зохиол судлал, монгол хэл шинжлэл зэрэг бакалаврын хөтөлбөр, монгол хэлшинжлэл, монгол хэл уран зохиолын багш хөтөлбөрөөр магистр, монгол хэлшинжлэлийн хөтөлбөрөөр докторын сургалтыг эрхлэн явуулдаг. Мөн гадаад оюутанд зориулсан монгол хэлний сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тухайн оюутны сурах зорилго, цаг хугацаа, суралцах чадвар зэрэг хүчин зүйлд таацуулан сонгож болохуйц уян хатан боловсруулан хэрэгжүүлж байна.