Түүхийн тэнхим

МУИС-ийн ууган тэнхимийн нэг болох ТҮҮХИЙН ТЭНХИМ нь 1947 онд байгуулагдаж, үндэсний түүхч мэргэжилтэн төгсгөж эхэлснээс хойш эдүгээ хүртэл 54 төгсөлт хийж, 1700 орчим түүхч мэргэжилтэн бэлтгэжээ. Эдүгээ МУИС-ийн Түүхийн тэнхим нь түүхийн сургалт судалгааны улсын хэмжээний суурь тэнхим, Монголын түүхийн судалгааны гол цөмийн нэг болно. Тус тэнхимээс монгол улсын нийт түүхч эрдэмтдийн 60% төрөн гарсан бөгөөд төгсөгчид Монгол улсын хөдөлмөрийн баатар 2, Ардын багш 1, Гавьяат цолтон 17, Академич 6, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) 23, Боловсролын доктор (Ph.D) 140 орчим болжээ.

Хамтын ажиллагаа ба судалгааны төсөл. Тэнхимээс үндэсний болон гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтрах, судалгаа-сургалтын оюутан солилцох гэрээ байгуулан ажиллаж үйл ажиллагааны хүрээгээ улам тэлж өргөтгөхөд байнга анхааран ажилладаг. Одоогоор АНУ-ын Индианагийн их сургуулийн Төв Евроази судлалын тэнхим, БНХАУ-ын Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын төв болон  Төвийн Үндэсний их сургуулийн Түүх соёлын сургууль, Японы Отани их сургуулийн Шин буддист судалгааны хүрээлэн, Кообэ их сургуулийн Олон улсын соёл судлалын сургууль зэрэг гадаадын дээд боловсролын байгууллага, эрдэм шинжилгээний олон байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.

Тэнхимийн багш-судлаач нар тус хичээлийн жилд олон тооны судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх буюу оролцож байгаагаас дурдвал: “Монгол-Хятадын харилцаа”,  П.Дэлгэржаргал, БНХАУ, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн; “Өвөр Монголын ардын нам ба МАН-ын хамтын ажиллагаа”, Ж.Болдбаатар, ХБНГУ-ын Вольсфаген, Гумбольдын их сургууль, 2012-2014; “Эрдмийн тэтгэлэгт хөтөлбөр”, Д.Баярсайхан, О.Оюунжаргал, Соросын сан, Нээлттэй нийгэм хүрээлэн, 2012-2015; “Дэлхийгээр тархсан Монголын соёлын өв”, Ж.Урангуа, ССАЖЯам, 2014; “Монголчууд: XIII-XYI зуун”, Ерөнхий редактор Д.Баярсайхан, Монсудар хэвлэлийн газар, 2014-2015; Cambridge History of Mongol Empire, Д.Баярсайхан, Cambridge University, 2014-2017.

Сургалтын хөтөлбөр. Даяарчлагдан буй өнөө үед аливаа хувь хүн, улс үндэстэн, бүс нутгийн тусгаар хийгээд хамтран орших, хөгжин дэвшихэд түүхийн нарийн тодорхой мэдлэгийг бүтээж, нийгэм-соёлын бүхий л хүрээнд түүхийн ухааны өргөн цар хүрээтэй судалгаа хийх хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байгаатай холбогдуулан монголын түүхийн тал бүрийн судалгааг улам бүр гүнзгийрүүлэн ахиулах, монголыг түүхийг бүс нутаг, улмаар дэлхийн талбарт авч үзэх шаардлагад улам бүр ойртуулан нийцүүлэх зорилгоор ТҮҮХИЙН ТЭНХИМ нь дэлхийн жишигт ойртсон өргөн хүрээний суурь мэдлэгтэй, даяаршлын нөхцөлд олон улсын хэмжээнд өрсөлдөх онол-аргазүйн мэдлэг, чадварыг хослон эзэмшсэн, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй үндэсний түүх судлаачид, түүхийн сургалтын боловсон хүчин, бие даасан судлаачдыг бэлтгэх Түүхийн ухааны бакалавр, Багш, түүх-нийгэм судлалын бакалавр, Түүхийн ухааны магистр, Түүхийн ухааны доктор гэсэн  нийт гурван түвшний дөрвөн сургалтын хөтөлбөрийг энэ жилээс шинэчилэн боловсруулж та бүхэнд санал болгож байна. Тус тэнхимийн сургалтыг төгсөгчид УИХ, яам, тамгийн газар гэх мэт төрийн байгууллагууд, ШУА-ийн хүрээлэнгүүд, бүх түвшний архивын болон бүртгэл мэдээллийн газрууд, дээд болон бүрэн дунд боловсролын сургуулиуд, төв  болон орон нутгийн музейнууд, аялал жуулчлалын газрууд, хэвлэл, мэдээлэлийн байгууллагуудад ажиллаж, тэдгээрийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэх гол цөм болж ирсэн. Одоогийн байдлаар, дээр дурдсан эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтаны 30% орчим, дээд боловсролын байгууллагын түүхийн багшийн 50% гаруй хувийг тус хөтөлбөрийн төгсөгч нар бүрдүүлж байна.

Тус тэнхимийн багш, оюутнууд бид бүхэн аливаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутан залуус хэн бүхнийг түүхийн судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажил, төсөлд хамтран ажиллах, бидний санал болгож буй сургалтын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.  

Холбоо барих хаяг: Тэнхим: МУИС II  байр 205 тоот , 441 тоот

Утас: 7575-4400 /дотуур дугаар 2325/