Утга зохиол, урлаг судлалын тэнхим

1942 онд байгуулагдсан. МУИС-ийн ууган салбарын нэг болох Монгол хэлний факультет 1945 оноос монгол хэл-утга зохиолын тэнхмийн үндэс тавигдаж анхны элсэгчдээ авч суралцуулсан билээ. 1982 оноос тусгаарлан бие дааж, монгол хэлний тэнхмээс Утга зохиолын тэнхим нэртэйгээр байгуулагдаж, 1998 онд Нүүдлийн соёл иргэншлийн судлалын тэнхим, 2008 оноос Утга зохиолын тэнхим, 2014 оноос Утга зохиол, урлаг судлалын тэнхим нэртэйгээр сургалт-судалгааны чиглэлээр үйл ажиллгаа явуулж байна.

Урлаг судлалын хөтөлбөр нь, 1992 онд “Ардын урлаг” судлал нэртэйгээр ардын билиг зүйч Ж.Бадраагийн санаачлагаар үүсгэн байгуулагдаж 25 жилийн хугацаанд нийт 300 гаруй оюутан төгссөн бөгөөд төгсөгчдийн ихэнх нь урлаг соёлын байгууллагуудад амжилттай ажиллаж байна.

 Эдүгээ Утга зохиол, урлаг судлалын тэнхимд профессор цолтой 1, дэд профессор цолтой 4,  ШУ-ны доктор-1, доктор зэрэгтэй -9 багш ажиллаж байна. Утга зохиол, урлаг судлалын тэнхим 2010 -2018 оны хичээлийн жилд 10 доктор, 70 магистр утга зохиол, урлаг судлалын чиглэлээр тус тус амжилттай хамгаалсан болно.

Тус тэнхим бакалаврын түвшинд Утга зохиол судлал, урлаг судлалын үндсэн хоёр хөтөлбөр, монгол хэл уран зохиолын багш, монгол хэл-уран зохиол судлаач хөтөлбөрийн монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимтэй хамтран хоёр хөтөлбөр тус тус боловсруулж хичээллэж байна.

Ахисан төвшний сургалт буюу магистрант, докторантурын сургалтанд мөн утга зохиол судлал, урлаг судлалын хоёр хөтөлбөртэйгээр сургалт, эрдэм шинжилгээний ажил хийгдэж байна.

Утга зохиол судлал шүүмжлэлийн мэргэжлээр 2006 онд анхны төгсөгчид төгссөнөөс хойш бакалаврын түвшинд 309 гаруй, ахисан түвшинд 80 гаруй суралцагч төгсөж хэвлэл мэдээллийн салбар, боловсролын салбар, төрийн захиргааны алба, хувийн хэвшилд амжилттай ажиллаж байна.

Тэнхмийн хамтран ажилладаг бааз сургууль:

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Утга зохиолын тэнхим, Оросын ШУА-ийн Буриадын Нийгмийн ухааны институт, Франц улсын Турын их сургуулийн Хүн судлалын дээд сургууль, Японы Токио, Осакагийн Гадаад судлалын их сургууль, Бээжингийн Их сургууль, Төвийн Үндэстний их сургууль, Ланжаогийн их сургууль, ӨМИС, Багшийн их сургууль, Бонн, Парис, Карлын их сургуулиуд болон дэлхийн 20 гаруй орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, багш солилцдог.

Мэргэжлийн зориулалт:

   Тус тэнхим нь Монголын нүүдэлчдийн соёл урлаг, ёс заншил, сэтгэлгээний онцлог зэрэг бичгийн дурсгалд олон зуун жилээр уламжлагдаж ирснийг судлах, Монголын сонгодог уран зохиол, Монгол ардын аман зохиолын баялаг өвийг шинжлэх, энэ нь дэлхийн бусад орны хэл, соёл, уран зохиолын хөгжилтэй харьцуулан судлах, дэлхийн соёл иргэншилд монгол нүүдлийн соёл иргэншил ямар байр суурьтай болох, ач холбогдол нь юунд орших, эдгээрийг судалснаар утга зохиол, соёлын тулгамдсан ямар ямар асуудалд бүрэн дүүрэн хариулт өгөх зэрэгт гол зорилгоо чиглүүлжээ. Ийнхүү судалгаа шинжилгээний ажил хийж, залгамж, хойч үеэ бэлтгэх нь бас нэгэн чухал  асуудал юм.

Монголын нийгэмд харьцангуй шинэ салбар болох урлаг судлалын хязгааргүй орон зайд байр суурийг эзэлж мэдлэг чадвараа сорих боломж танд байна. Түүнчлэн мэргэжлийн урлагийн байгууллагууд болох театр, чуулга, телевиз, галлерей, музей, филармони болон соёлын өвийг газар, соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар соёл урлаг судлалын хүрээлэн зэрэг соёл урлагийн бодлого хэрэгжүүлэх газрууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд , студи, продакшн зэрэг олон салбарт хөрвөн ажиллах бүрэн боломжтой.