Эрдэм шинжилгээ

Тус тэнхимд төрийн шагналт, академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Монгол улсын ардын багш, гавьяат багш Д.Чойжилсүрэн, Х.Далхажав, хэлшинжлэлч Т.Пагва, манжич Л.Дэндэв, Л.Мишиг, гавьяат багш Я.Шаарийбуу, төвдөч Ц.Дорж, номч мэргэн гавж Гомбожав,  доктор, хамба ламтан Х.Гаадан, гавьяат багш Чой.Лувсанжав, хөдөлмөрийн баатар, гавьяат багш Т.Дашцэдэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо, төрийн шагналт, гавьяат багш Ш.Чоймаа, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ц.Шагдарсүрэн, гавьяат багш С.Мөөмөө, Ц.Сүхбаатар, Ж.Баянсан, профессор Ж.Лувсандорж, М.Базаррагчаа, доцент С.Барайшир, С.Нямсүрэн, Л.Лхагва, Д.Жамбаажамц, доктор Ч.Цэдэндамба нарын нэр хүндтэй эрдэмтэн багш нар ажиллаж байсан ба зарим нь эдүгээ ажилласаар байгаа билээ.

Орчин үеийн шинжлэх ухааны арга, аргазүйгээр монгол хэлбичиг, утга соёлыг судлах эх суурийг тавилцаж, МУИС-д хэлбичгийн салбарыг анхлан үүсгэлцсэн аугаа гурван эрдэмтэн Б.Ринчен, Ц,Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын үүсгэсэн дэг сургуулийг олон арван  эрдэмтэн  шавь нар нь улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол  улсын төрийн соёрхолт, гавьяат багш, профессор Ш.Чоймаа, төрийн соёрхолт, профессор Ц.Шагдарсүрэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Д.Төмөртогоо нарын удирдлагаар хэрэгжиж буй  монгол бичиг үсэг, сурвалж судлалын чиглэл, профессор М.Базаррагчаагийн сүүлийн гучаад жилийн судалгааны үр дүнд онол, аргазүйн хувьд цэгцэрсээр байгаа  хэлний бүх төвшний нэгжийг багталцуулсан   утгазүйн  чиглэл, гавьяат багш, профессор Ж.Баянсангийн удирдан хийлгэдэг хэлц нэгжийг хүмүүнлигийн ухаануудын уулзвар дээр  шинжлэн тайлбарлах концептуал судалгаа зэргийг монгол судлалын хүрээнд монгол хэлшинжлэл, утга соёл судлалын бие даасан дэг сургууль болон хөгжиж байгаа судалгааны чиглэл гэж хэлж болно. Тус тэнхимийн “үсэг бичиг, сурвалж судлалын хамтлаг” МУИС-ийн 70 жилийн ойгоор МУИС-ийн шилдэг судалгааны хамтлагаар шалгарсан билээ.

Хэрэгжүүлж ирсэн судалгааны ажлын цар хүрээ, бэлтгэж ирсэн мэргэжилтний мэргэжлийн чадамж, өгөөжийн хувьд Монгол судлалын нэг гол төв болж ирсэн уламжлалыг шинэ зуунд улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх, орчин үеийн хэлшинжлэлийн ололт амжилт, чиг хандлагыг эх хэлнийхээ судалгаанд тусган хэрэгжүүлэх, бүх нийтийн эх хэлний боловсролд чухал хувь нэмэр оруулж байх нь тус тэнхимийн хамт олны эрдэм шинжилгээний эрхэм үүрэг, зорилго юм.