Гадаад харилцаа

Тус тэнхим монгол судлалын нэгэн төв болсоор ирсний хувьд гадаадын монгол судлалын төв байгууллагууд, их дээд сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээний харилцаатай ажилладаг. Манай профессор багш нар Ази, Европ, Америкийн 15 улсын 24 их сургуульд монгол хэлбичиг, утга соёлын хичээл заах урилгын профессороор ажиллаж ирсэн.

Тухайлбал, сүүлийн жилүүдэд БНСУ-ын Дангүк их сургууль, Сөүлийн Гадаад хэлний дээд сургууль, Японы Осакагийн Гадаад судлалын их сургууль, Германы Бонны их сургууль, БНУУ-ын Лоранд Өтвешийн нэрэмжит Будапештийн Их сургууль, Чех улсын Прага хот дахь Карлын Их сургууль, Бээжингийн их сургууль, Бээжингийн Төвийн Үндэстний Их сургууль, Хөххотын Өвөр Монголын Их сургууль, Өвөр Монголын Багшийн Их сургууль, БНХАУ-ын Ланжоу хотын Баруун Хойтын Төвийн Үндэстний Их сургууль, ОХУ-ын Буриадын Улсын Их сургууль зэрэг газар тус тэнхимийн багш нар зочин профессороор ажиллах буюу хамтарсан судалгааны ажил хийж, төсөл хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн тус тэнхимд монгол хэл сурахаар нийт 37 улсаас ирж суралцсан бөгөөд жил бүр 100 гаруй гадаад оюутан монгол хэлний бэлтгэл ангид суралдцаг. Тус тэнхимд суралцсан гадаад оюутнуудын зарим нь монголыг судлаач нэрт эрдэмтэн (20-иод хүн), зарим нь монголтой холбоотой дипломат албан хаагч (20-иод хүн), зарим нь хоёр улсын шинжлэх ухаан, соёл боловсрол, аялал жуулчлалын байгууллагад ажиллаж байгаа нь Монгол орноо гадаад улс оронд таниулах, сурталчлах, улмаар гадаад харилцааг хөгжүүлэхэд зохих ёсны нэр хүндтэй хувь нэмэр болсоор ирсэн юм.