Эрдэм шинжилгээ

Эрдэм шинжилгээ

МУИС-ийн ХУС-ийн Европ судлалын тэнхим нь Монгол улсын ижил төстэй Их Дээд сургуулиудын дунд орос, герман, франц, испани, итали, чех, польш хэл орон судлал, хэл шинжлэл, орчуулга, гадаад хэлний боловсрол чиглэлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт эрхэлж, эрдэм шинжилгээний ажлаараа манлайлан, олон улсад нэр хүндтэй,ижил төстэй мэргэжлийн сургуулиудын жишигт хүрэх зорилго тавин ажиллаж байна.

“Нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн хөгжлийн түүчээ байна” зорилтын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг жилээс жилд хөгжүүлж, хүрээг нь өргөжүүлж байна. 2017-2018 оны хичээлийн жилд ном сурах бичиг 5, гарын авлага орчуулгын бүтээл 10, редактор зөвлөхөөр ажилласан 11, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 19 байна. Түүнчлэн гадаадын нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл сүүлийн 5 жилийн дүнгээр 6 байна. Энэ хугацаанд дотоодын болон гадны судалгааны төсөл 12-ыг хэрэгжүүлж иржээ.

“Европ судлал: хэл, соёл, олон улсын харилцаа, орон судлал” эрдэм шинжилгээний хурлыг 2017 онд  МУИС-н Европ судлалын тэнхим анх санаачлан явуулсан ба хурлаар хэлэлцсэн илтгэлүүд нь“Европ судлал” Эрдэм шинжилгээний бичигт хэвлэгдэн олны хүртээл болсон билээ.

“Европ судлал: хэл, соёл, олон улсын харилцаа, орон судлал” хоёрдугаар бага хурлыг 2018 онд ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэн хариуцан зохион байгуулсан. Энэ жилийн бага хурлын онцлог гэвэл хамрах хүрээ өргөжиж, шинээр их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцох болж, нийт 34 илтгэл сонсож хэлэлцэнэ. Энэхүү бага хуралд МУИС, ШУТИС, МУБИС, Хүмүүнлэгийн Их сургууль, Үндэсний батлан хамгаалах Их Сургууль, ШУА-н ОУХХ, Тагнуулын Академиас нийтдээ 70 гаруй багш эрдэм шинжилгээний ажилтнууд оролцож байна.

Мөн 2017 оноос эхлэн ISSN 2524-2997 дугаар бүхий “ЕВРОП СУДЛАЛ” мэргэжлийн хянагддаг сэтгүүлийг эрхлэн гаргаж эхэлсэн. 2018 онд 2 дахь дугаар гарч байна.

 

Эдгээр хурал болон эрдэм шинжилгээний бичиг нь МУИС-ийн их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагуудтай явуулах хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм. Европын  англи, франц, герман, итали, испани, итали, орос, польш, чех хэл судлал болон сургалт, Баруун болон Төв, Зүүн Европын орнууд, Орос судлалыг Монголд эрчимжүүлэн дэмжих, олон улсын харилцаа-орон судлалын чиглэлээр багш, судлаачдын чадавхийг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгч байна.