Эрдэм шинжилгээ

Тус тэнхимийн профессор багш нар сургалт- эрдэм шинжилгээний ажлыг хослуулан эрхэлж, хэл шинжлэл, утга зохиол, орон судлал, соёл судлал, заах арга зүйн чиглэлээр судалгаа хийж, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай олон талаар хамтран төсөл хэрэгжүүлж байна. Их Британи, Америк судлалын тэнхим жил бүр их, дээд сургуулийн англи хэлний багш нарын дунд улс, олон улсын хэмжээний заах арга, орон судлал, хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурлыг тогтмол зохион байгуулсаар ирсэн.

Мөн түүнчлэн тэнхимийн эрдэмтэн багш нар сурах бичиг, гарын авлага, зөвлөмж, толь бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, гадаадын болон дотоодын мэргэжлийн хурал семинарт илтгэл хэлэлцүүлж, бакалаврын болон ахисан шатны сургалтын оюутны төгсөлтийн ажлыг удирдан чиглүүлж, оюутны эрдэм шинжилгээний хурлыг тогтмол явуулсаар ирлээ. Үүнээс эрдэмтэн профессор багш Ц.Сумъяа “Хэл зүй”, “Өгүүлбэр зүй” Н.Доржготов “Буддын англи-монгол дүймэн ”, “Нууц товчооны монгол-англи дүймэн”, “Утга зохиолын англи-монгол дүймэн” ном, Б.Дамдин  орчуулгын бүтээлээс дурдвал Д.Нацагдоржийн “ Шувуун саарал”, “ Б.Ринченгийн “ Ану хатан” зэрэг өгүүллэгүүд болно. С.Хонгорзул, Ч.Гүнпилмаа, Ж.Баярмаа нар 1999-2007 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам болон Соросын сантай хамтарсан дунд сургуулийн 4-10-р ангийн сурах бичиг зохиох төсөлд орж ажиллан сурах бичиг зохиож байсан.

Боловсрол судлал-Заах аргын чиглэлээр  “Гадаад хэл заах онол арга зүйн сургалтын хэрэглэгдэхүүний агуулгыг шинэчлэн баяжуулах нь” төслийн хүрээнд тус тэнхимийн багш нар Дуглас Брауны “Хэл сурах сургах зарчим”; Англи-Орос-Монгол хэлний толь бичиг; “Гадаад хэлний мэргэжлийн суурь хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах нь”  төслийн хүрээнд мэргэжлийн суурь хөтөлбөрийн стандарт боловсруулан ажиллаж байна.

Орон судлалын чиглэлээр “Бүс нутгийн соёлын судалгаа” эрдэм шинжилгээний төсөлт ажил, хэл шинжлэлийн чиглэлээр “Хэрэглээний хэл шинжлэл” /Хэл сурахуйн онол/ зэрэг бүтээлүүдийг хэвлэн нийтлүүлээд байна.

Манай багш нар дээрх 3 чиглэлээр үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд тогтмол илтгэл хэлэлцүүлж ирсэн. Тухайлбал АНУ, Өмнөд Солонгос, Сингапур, Япон, Энэтхэг, Австраль зэрэг улсуудад М.Даариймаа,  Ж.Баярмаа, Ц.Энхмаа, Ц.Цэнгэлмаа, С.Намжил, Н.Оюунзаяа, Д.Отгонтуяа багш нар олон улсын хуралд амжиллттай оролцож ирсэн.

2015 онд тэнхимийн багш нарын санаачлагаар Монголын их, дээд сургуулиудын Англи хэлний багш нарын холбоог байгуулж, олон улсын ISSN дугаартай, гадаадын мэргэжилтэн, эрдэмтдийн багаас бүрдсэн сэтгүүлийн редакц бүхий  “Mongolian Journal of English language and Culture Studies” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргаж байна.