Гадаад харилцаа

1960-аад оноос хойш НҮБ-ийн салбар байгууллага ЮНЕСКО болон Их Британи, Умарт Ирландын Нэгдсэн Вант улсын хооронд соёлын харилцаа өргөжин хөгжиж байсны ачаар английн олон мэргэжилтэн багш нар урт, богино хугацаагаар тус тэнхимд мэргэжилтэн багшаар ажиллаж байлаа. Үүнд: Ж. Тренч, Д. Причард, Ж. Прайд, К. Хамфри, Ф. Хоар, Д. Чапман, Д. Маллон, Д.Бонд, Б. Хитон, П. Франсис, Д. Ландел зэрэг англи улсаас уригдаж ирсэн олон мэргэжилтэн багш нарыг дурьдаж болно.  Тус тэнхимийн багш нар 1964 оноос 1980-аад оны дунд үе хүртэл Монгол, Англи хоёр улсын  соёлын хэлэлцээр болон ЮНЕСКО-гийн шугамаар Англи улсын Лидсийн Их Сургуулийн англи хэлний болон багш нарын заах аргын 6 сараас нэг жилийн курст суралцаж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлж байсан юм.

1990-ээд оноос хойш Монгол улсад АНУ-аас суугаа элчин сайдын яам, АНУ-ын их, дээд сургуулиуд, Америкийн бусад төр, олон нийтийн байгууллагууд, хувь хүнээс тус тэнхимийн дэргэдэх Америк судлалын төвийн материаллаг баазыг бэхжүүлж, мэргэжилтэн багш нараар хангахад байнга тусалж ирлээ. 1990-2006 оныг хүртэл Америкийн Фулбрайтын зочин профессор Б. Мэргэн, профессор Д. Р. Пикаске, Коннектикутын их сургуулийн профессор П.Лайнс зэрэг Америкийн олон эрдэмтэн багш нар урилгаар ирж багш, оюутнуудад хичээл зааж, лекц уншиж байна. Д.П. Пикаске 2003 оноос жил бүр 6-7 оюутны сургалтын төлбөрийг хувиасаа гаргаж тэтгэлэг олгодог.