Энэ удаагийн хуралд 1-р шатанд 14 багийн 35 оюутан бүтээлээ ирүүлж 2-р шатанд 10 багийн 26 оюутан судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Эдгээр оюутнуудад БССТэнхим, Физикийн тэнхимийн зүгээс гарын бэлэг, БУС-ын захирал Ц.Амартайванаас дурсамж гардуулав.
Хуралд ирсэн бүтээлүүдээс Биологи, байгал шинжлэлийн оюутнуудын хийсэн “Биологийн хичээлийн сурах бичгийн агуулгад хийсэн шинжилгээ”, “Сэтгэл зүй болон махбодын шийтгэл нь хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь” сэдэвт судалгаанууд ЕБС-ийн түвшинд тулгамдсан асуудлыг хөндсөн, сонирхолтой ажил болсныг шүүгчдийн зүгээс онцолж байв.
Мөн Түүх, нийгмийн ухааны багшийн 3-р түвшний оюутнуудын хэлэлцүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй оюутны сурч боловсрон хөгжихөд тулгамддаг асуудлуудын тухай судалгааны ажил тэр бүр бидний олж хараад байдаггүй асуудлыг хөндөж шийдвэрлэх арга замыг дэвшүүлснээрээ ач холбогдолтой ажил болсныг оролцогч багш нарын зүгээс онцлоод үр дүнгээ ШУС-ийн захиргаанд хүргүүлж цаашид бодит ажил болгох талаар хамтарч ажиллахыг хүслээ.
Үүнчлэн танилцуулсан судалгааны ажил болгон өөр өөрийн өнцгөөс асуудал хөндсөн, шийдсэн байдлаараа оролцогчид, үзэгчдийн сонирхлыг татсан, мэдлэг, бүтээл өрнөсөн үйл ажиллагаа боллоо.
Хурлын төгсгөлд оюутнууд хоорондоо сонирхсон сэдвээр асуулт, хариулт өрнүүлж харилцан мэдээллээ солилцож танин мэдсэн, хөгжсөн үйл ажиллагаа болж өнгөрөв.
Хурлын үр дүнд 4 байр шалгаруулж ШУС-ийн зүгээс батламж, мөнгөн шагналаар урамшуулав. Хурлыг жилээс жилд чанартай болгохын тулд ШУС онцгойлон анхаарч, орчин нөхцөл, удирдлагаар дэмжиж ажиллаж байгаад зохион байгуулах ажлын хэсэг болоод багш боловсролын нийт оюутнуудын зүгээс талархал илэрхийлье.