МУИС-ИЙН “ХОТ, БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААНЫ

 ХҮРЭЭЛЭН”ГИЙН ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Энэхүү дүрмийн зорилго нь “Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн”-гийн (цаашид хүрээлэн гэх) үйл ажиллагааны зорилго, чиглэл, удирдлага, чиг үүрэг, эрх, хариуцлага, санхүүгийн үйл ажиллагааны харилцааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулахад оршино.
  2. Хүрээлэн нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах МУИС-ийн дэргэдэх бие даасан нэгж мөн.
  3. Хүрээлэн Монгол Улсын Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, МУИС-ийн дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
  4. Хүрээлэнгийн үндсэн үндсэн үйл ажиллагаа нь хот болон бүс нутгийн хөгжлийн судалгаа явуулж, төр, засгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
  5. Хүрээлэн”-ийн оноосон нэр “Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн” буюу товчлон “ХБНХСХ” гэж бичнэ. Англи хэлээр албан ёсны нэр нь “ Urban and Regional Development Research Institute” “URDRI” байна.
  6. Хүрээлэнгийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, МУИС-ийн Гадаад Оюутны байр. Шуудангийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 14201- Сүхбаатар дүүрэг, МУИС2ийн Гадаад оюутны байр.   Электрон шуудангийн хаяг : urdri@num.edu.mn
  7. Хүрээлэн “МУИС-ийн барааны тэмдэг ашиглах журам”-ын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, үйл ажиллагааг илэрхийлсэн бэлгэдэл, логотой байна.
  8. Тэмдгээр хүрээлэнгийн албан ёсны шийдвэр, албан бичиг, гэрээ хэлцлийг баталгаажуулах ба тэмдгийг Гүйцэтгэх захирлын итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.
  9. Хүрээлэн нь тодорхой мэргэжил, тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулахад холбогдох эрх бүхий байгууллагаас зохих тусгай зөвшөөрөл авч болно.

ХОЁР. ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  1. Хүрээлэн нь дараах чиглэлээр үйл ажиллагааг дангаараа буюу бусад байгууллага, эрдэмтэд, судлаачидтай хамтран явуулна. Үүнд:
    • Хот байгуулалт, төлөвлөлтийн эрдэм шинжилгээ, судалгаанд үндэслэн нийслэлийн болон бүс нутгийн урт болон дунд хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлох, улсын болон бүс нутгийн ойрын болон дунд хугацааны зорилтод тусгаглсан бодлогын баримт бичгийг боловсруулах, суурин судалгаагаар хангах;
    • Хотуудын хэтийн болон дунд хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлох ажлын хүрээнд бүс нутгийн хөгжлийн төсөл, боомт хотууд, дагуул хот (алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон)-ын хөгжлийн стратегийг тодорхойлох;
    • Бүс нутаг болон хотуудын хөгжлийн бодлого, эдийн засаг нийгмийн зорилтод тусгагдсан ерөнхий төлөвлөгөө барилга, байгууламж, инженерийн дэд бүтцийн болон автозам, гүүрийн зураг төсөл болон ТЭЗҮ, төсөл хөтөлбөр боловсруулах;
    • Улс, нийслэл, аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө болон концесс, хувийн хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэх хот, бүс нутаг төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох, нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх, зохион байгуулах, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, Нийтийн тээврийн үйлчилгээ, Гамшгаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, дэд бүтцийн чиглэлийн судалгаа шинжилгээний үндэслэл боловсруулах;
    • Хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжийн төрөл бүрийн асуудлуудыг шийдвэрлэх, эрдэм шинжилгээний суурь болон хавсарга судалгаа, шинжилгээний төслүүд, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсны үндсэн дээр хэтийн болон дунд хугацааны хөгжлийн менежментийн төлөвлөгөө, төсөл хөтөлбөр боловсруулж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
    • Төрийн болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь иргэний захиалгаар хот тосгодын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах суурь судалгаа, барилга байгууламж, инженерийн болон авто замын суурь судалгаа зэрэг нийтлэх үйл ажиллагааг эрхлэх;
    • Хот байгуулалт, төлөвлөлттэй холбоотой дүрэм, журам, норм, стандарт шинээр боловсруулах болон өөрчлөлт, шинэчлэлт оруулах санал боловсруулах;
    • Нийслэл, хот суурин газар, бүс нутгийн онцлогт нийцсэн нутаг дэвсгэрийн өсөлтийн менежмент, тогтвортой хөгжил ба улс, бүс нутаг дахь хамтын ажиллагааны болон улс хоорондын хамтын ажиллагааны стратеги боловсруулах;
    • МУИС-ийн магистрант, докторантыг судалгааны ажилд оролцуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, тэтгэлэгт орон тоо бий болгох;
    • “Хүрээлэн” нь үйл ажиллагааныхаа хүрээнд явуулсан аливаа судалгаанд оролцсон МУИС-ийн багш, оюутнуудыг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
    • Байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хүний үйл ажиллагааны үр дагаврыг тодорхойлох болон нийгэм эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар төрийн бодлого, хөтөлбөр боловсруулахад оролцох, дэмжлэг үзүүлэх санал боловсруулах.

ГУРАВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ

  1. Хүрээлэн нь энэхүү дүрмэнд заасан зорилгод үл нийцсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  2. Хүрээлэнгийн орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, бусад байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн өмнөөс төлбөр хийхийг хориглоно.
  3. Хүрээлэн нь аливаа улс төрийн сонгууль, нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өргөхийг хориглоно.
  4. Удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтан нар хувийн эрх ашгийн үүднээс хүрээлэнгийн хөрөнгөөр ашиг олох зорилгоор санхүүгийн болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

ДӨРӨВ. ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Хүрээлэн” нь дор дурдсан үүрэг, эрхтэй байна. Үүнд:
    • Хүрээлэн нь өөрийн үйл ажиллагаагаа бие даасан байдлаар, эсхүл бусад хуулийн этгээдтэй хамтран хуулийн хүрээнд явуулна.
    • Үйл ажиллагааны тайлан, судалгааны үр дүнг 2 жил тутам МУИС-ийн эрдмийн зөвлөлд тайлагнана.
    • Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай хамтран шинжилгээ, судалгаа хийх, сургалт явуулах, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.
    • Олон улсын байгууллага, гадаад орнуудын эрдэм шинжилгээний байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллаж олон улсын байгуулллагаас дэмжлэг туслалцаа авна.
    • Хүрээлэнгийн үндсэн зорилго чиглэл, үүргийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран шинжилгээ, судалгааны ажлыг гэрээгээр гүйцэтгэнэ.
    • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуульд заасны дагуу бүртгэл хөтлөн, санхүүгийн тайлан гаргана.
    • Хүрээлэн хот төлөвлөлт, дэд бүтэц, инженерийн шийдэл, шинэ технологи, судалгаа шинжилгээний чиглэл, оновчтой шийдэл гаргах зорилго бүхий орон тооны бус техникийн мэргэжлийн зөвлөл байгуулж болно. Тус зөвлөлийн бүтэц, ажиллах журмыг Гүйцэтгэх захирлын тушаалаар батална.

ТАВ. МУИС-ИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

  1. МУИС нь хүрээлэнг бэхжүүлж, хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ өөрийн өмч хөрөнгийг “Технологи дамжуулах журам”-ын дагуу ашиглуулна.
  2. МУИС эхний гурван жил хүрээлэнг роялтигаас чөлөөлнө.

ЗУРГАА. ХҮНИЙ НӨӨЦ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  1. Хүрээлэн нь долоо хүртэл хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөл хүрээлэнгийн бүтцийг батална.
  2. Удирдах зөвлөлд МУИС-ийг Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эхрхэлсэн дэд захирал төлөөлнө.
  3. МУИС-ийн захирал хүрээлэнгийн Гүйцэтгэх захирлыг томилон ажиллуулна.
  4. Гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.
  5. Гүйцэтгэх захирал МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эрхэлсэн дэд захиралтай үр дүнгийн гэрээ байгуулна.
  6. Гүйцэтгэх захирал нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна. Үүнд:
    • Хүрээлэнгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, стратеги бизнес төлөвлөгөө, хөгжлийн бодлого төслүүдийг боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх;
    • “Хүрээлэн”-ийн дотоод журмыг батлах;
    • Хүрээлэнгийн үндсэн болон гэрээт ажилтныг сонгон шалгаруулах
    • Төсвийн төлөвлөгөөг санхүүгийн жилээр хийж, харьяалагдах нэгжийн захиргааны зөвлөлийн хурлаар батлуулах;
    • Судалгааны шууд бус зардлын шимтгэлийн үр дүнгийн гэрээнд заасан хувийг захиран зарцуулах;
    • Судалгааны ажлыг зохион бйгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
    • Гадаад, дотоод ахмтын ажиллагаа тогтоож, өргөжүүлэх;
    • Шаардлагатай тохиолдолд бусад бүрэлдэхүүн сургуулийн багш, докторант, магистрант, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдыг шинжилгээ, судалгааны ажилд оролцуулах боломжоор хангах;
    • Хүрээлэнгийн хэвийн үйл ажилагааг хангаж, санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг бүх талаар дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах;
    • Ажил үйлчилгээ гүйцэтгэх явцад олж авсан үйл ажиллагааны болон бизнесийн нууцыг чанд хадгалан, хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллахгүй байх.

ДОЛОО. ХӨРӨНГӨ, САНХҮҮ

  1. Хүрээлэнгийн өмч хөрөнгө МУИС-ийн өмчлөлд байна.
  2. Хүрээлэнгийн санхүүжилт МУИС-ийн дансаар хийгдэнэ.
  3. Санхүүгийн жил 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.
  4. Хүрээлэнгийн үйл ажиллагааны санхүүжилт улсын төсвөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, суурь зардал, МУИС-ийн төсвийн санхүүжилт, олон улсын болон үндэсний хэмжээний судалгааны ажлын санхүүжилт, өөрийн үйл ажиллагаанаас олох орлого, хамтран хэрэгжүүлэх төсөл, захиалгат болон гэрээт ажлын хөлс, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтын шууд бус зардлын шимтгэл, хандив, тусламжаас бүрдэнэ.

НАЙМ. ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ

  1. Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хүрээлэнгийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд аудитын байгууллагын дүгнэлтийг хуулийн хугацаанд гаргуулна.
  2. Хүрээлэнгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийх аудитын шалгалт нь ээлжит ба ээлжит бус байж болно.
  3. Хүрээлэн нь санхүүгийн тайлангаа эрх бүхий этгээдэд танилцуулна.
  4. Хүрээлэн баримт бичгийг тодорхой хугацаанд хадгалах ба эрх бүхий этгээдийн шаардлагаар танилцуулах, хуульд заасан хугацаа дууссаны дараа архивт шилжүүлэх үүрэг хүлээнэ.

ЕС. БУСАД ЗҮЙЛ

  1. Хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр “Хүрээлэн”-г өөрчлөн байгуулах, татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд “Хүрээлэн” үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.
  2. Хүрээлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын эрхийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
  3. Энэхүү дүрмийг хүрээлэнгийн Удирдах зөвлөлөөр хэлэлцэн баталснаар хүчин төгөлдөр болно.

АРАВ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

  1. Дүрэмтэй холбоотой аливаа маргааныг зөвшилцлийн замаар зохицуулах боломжгүй нөхцөлд Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.