2022 оны 12-р сарын 23, 24-ний өдрүүдэд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монголын археологичдын эрдэм шинжилгээний тайлангийн “Монголын археологи-2022” хурлыг Монголын археологичдын холбоо, ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбар хамтран зохион байгуулав.
Энэхүү хурлаар ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Археологи-Антропологийн тэнхим, МУИС-ийн Археологийн судалгааны төв, МУИС-ийн Улаанбаатарын их сургууль, Чингис хаан, хаад язгууртны музей, Монголын үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС-ийн БуХС зэрэг 10 орчим байгууллага, мөн хамтран ажилладаг дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, музей, их, дээд сургуулийн 100 гаруй судлаачийн 70 шахам илтгэл хэлэлцэгдсэн байна.
Хуралд тус судалгааны төвөөс Ц.Төрбат, Н.Баярхүү нарын “Монгол Алтайн түрүү хүрлийн үеийн булшны малтлага судалгаа”, Ч.Амартүвшин нарын “Монгол-Америкийн хамтарсан “Дорнод Монгол: археологийн хайгуул малтлага судалгаа” төслийн 2022 оны хээрийн судалгааны товч танилцуулга”, Ц.Төрбат, Н.Баярхүү нарын “Жаргалантын амны буган хөшөөний тахилгын цогцолборт хийсэн судалгаа”, Д.Бөхчулуун нарын “Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших Ширийн чулуунд 2022 онд хийсэн археологийн судалгааны товч үр дүнгээс”, Ц.Төрбат, Ч.Амарбилэг нарын “Тамирын голын хүннүгийн эрдэнэс-2” төслийн хээрийн шинжилгээний ажлын товч үр дүн” зэрэг нийт 15 илтгэл хэлэлцүүллээ.
