МУИС-ийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Доктор Юрий Николаевич Есин 2023 оны 3 сарын 2 ний өдрийн 14:00 цагт МУИС-ийн 2-р байрны 132 тоот өрөөнд “Окуневын соёл ба урлаг” сэдэвт лекц уншлаа. Окуневчуудын антропологийн судалгааны үр дүнг товчлон авч үзвэл дүр төрхийн хувьд эрчүүд нь европ төрхтэй, харин эмэгтэйчүүд нь монгол төрхтэй байсан нь тогтоогджээ. Аж ахуйн эрхлэлтийн хувьд мал аж ахуйгаас гадна ан гөрөө, загас агнуур зэрэг аж ахуй эрхэлдэг байжээ. Харин окуневчуудын сүсэг бишрэлийн үндэс нь тотем шүтлэг байсан байна. Урлагийн хувьд дүр дүрслэл нь амьтдын нүүр, цээжин бие зэргийг том дүрслээд харин амьтдын хөл, эвэр зэргийг нарийн дүрсэлдэг байсан ба урлагийн хувьд үүнийг судлахдаа окуневчуудын үлдээсэн хадны зураг, хөшөө чулуунууд дээр сийлсэн гайхамшигт сийлбэрүүд дээр нь тулгуурлан гаргасан байна. Судлаач нь өөрийн олон жилийн хүч хөдөлмөр гарган цуглуулсан эх хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан окуневын урлагийн дүр дүрслэлүүдийн ерөнхий ангиллыг хийж, тэдгээрийн агуулгын түвшинд хүртэл гүнзгийрсэн агуулгатай өндөр түвшний лекцийг уншсан нь оюутан судлаачдын анхаарлыг ихэд татаж, талархлыг нэн их хүлээлээ. Уг лекцэд Антропологи, археологийн тэнхимийн 2-4 р ангийн оюутнууд болон Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд суув.

