БШУЯ-ны дэргэдэх Монгол судлалыг дэмжих үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу БШУЯ-ны сайдын 2022 оны 5 сарын 12-ны өдрийн А-168 тоот тушаал болон судалгааны эрхийг МУИС-д шилжүүлсэн эрхийн дагуу МУИС-ийн Археологийн судалгааны төвөөс “Монгол Алтайн хадны зургийн геоархеологийн судалгаа ба дижитал сэргээлт” төслийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших Цагаан салаа-Бага Ойгорын хадны зургийн цогцолбор дурсгалт газарт 2022-2023 онд 2 жил хэрэгжүүлэхээр болсон билээ.
Энэхүү төсөл нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон Монгол нутагт төдийгүй Хойд Азийн нутаг дахь хамгийн өргөн газар нутгийг хамарсан баялаг судлагдахуун бүхий Цагаан салаа-Бага Ойгорын хадны зургийн цогцолбор дурсгалыг бүрэн баримтжуулалтыг хийж бүрэн мэдээллийн санг бүрдүүлэх, дижитал баримтжуулалт хийх, газар зүйн мэдээллийн сантай археологийн санг холбосон ArcGIS Online – Web GIS Mapping Software платформын хэрэглэгдэхүүн цуглуулах зорилготой юм.
Төслийн удирдагчаар МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, доктор, профессор Ц.Төрбат, судлаачаар Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Бадма-Оюу, Баян-Өлгий аймаг дахь Монгол Алтайн хадны зургийн хамгаалалтын газрын дарга, доктор Б.Өмирбек, МУИС-ийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Баярхүү, Б.Батдалай, Б.Дашзэвэг нар нар оролцон ажиллаж байна.
Одоогоор төслийн багийнхан Цагаан салаа-I, Цагаан салаа-II, Цагаан салаа-III, Цагаан салаа-IV нийт 4 секторын 2387 хавтангийн 12,100 дүрслэлийг баримтжуулаад байгаа бөгөөд эдгээрээс 10,629 нь эртний буюу археологийн судалгааны ач холбогдолтой байгаа бол 1471 нь орчин цагийн хүмүүсийн зурсан дүрслэл байгаа ажээ.
Мөн 51 хавтгайг сонгон 3D загвар хийж, Polycam Explore систем дээр суурилуулан виртуал орчинд үзэх боломжтой 3D зураг бий болгохын зэрэгцээ дижитал зураг авалт нь хэв маягийн хувьд 3D болон VFX дээр шууд ашиглагдах боломжтой болохыг тодорхойлсон байна.
2022 оны хээрийн судалгааны ажлын хүрээнд бүртгэн баримтжуулсан нийт 2387 хавтангийн мэдээллийг нэгтгэн доорх дарааллаар нэгтгэн мэдээллийн сан үүсгэн ажиллаж байна. Үүнд, Microsoft Excel, Garmin MapSource, ArcGIS – ArcMap 10.8, ArcGIS pro, ArcGIS online дарааллын дагуу нэгдсэн мэдээллийн сан үүсгэж түүнд тулгуурласан дүн шинжилгээ хийх, вэб газрын зураг үйлдэх зэрэг ажлуудыг шат дараатай гүйцэтгэж байна.









