Тус төсөл 2018 оноос Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших Ширийн чулуу эртний түүхийн дурсгалт зүйлээр арвин баялаг газарт археологийн хайгуул, угсаатны зүйн болон геоморфологийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
2022 оны судалгааны ангийн бүрэлдэхүүнд Ийелийн их сургуулийн докторант Д.Бөхчулуун, Эйса Камерон, Кристина Кораллоус, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн магистрант М.Үүрийнтуяа болон доктор Даниэла Волин нар оролцон ажиллав.
Төслийн судалгааны зорилго нь нэгдүгээрт, Монголын говь, хээрийн бүс нутаг дахь мал аж ахуйн үүсэл гарал, хүрлийн дунд үеэс төмрийн эхэн үед гарсан нийгэм эдийн засаг, соёлд гарсан өөрчлөлтийг нэхэн тодруулах; хоёрт, нүүдэлчдийн эртний төрийн байгуулалд мал аж ахуйн үзүүлсэн нөлөөг тодорхойлох явдал юм.
2022 оны хүрлийн үеийн матлага судалгааг Ширийн чулууны хойд хэсэг болох Их чулууны Цахилдагийн өвөлжөөнд төвлөрөн ажиллаж нийт шоргоолжин булш 3, Улаан зуух хэлбэрийн булш 3-ыг тус малтав. Зохион байгуулалтын хувьд бүгд ерөнхийдөө ижил урд болон хойд хашлага голдоо нумарсан, 4-5 үе өрлөг хашлагатай. Хашлага чулууны гадуур гонзгой хавтгай чулуу босгон манаж тавьжээ.
Eх.05.22 дугаартай булшны зүүн хашлаганы гадна талд 70 орчим см зайд 90 см өндөр хөшөө чулуу босгожээ. Харин зүүн буланд анх 200 см өндөр чулуу босгож тавьсан нь одоо газар унасан байна. Ех.09.22 булшнаас сонирхолтой зохион байгуулалт ажиглагдлаа. Тус булшны хашлага дотор, баруун хэсэгт нь 100 см голч бүхий дугуй чулуун байгууламж хийж дээр нь хавтгай чулуу өрж тавьсан байна. Энэ нь булшийг сүүлд ямар нэг зан үйл хийх зорилгоор ашигласан болов уу хэмээн таамаглаж байна. Тус хэсгийн дараас чулуун дундаас жижиг төмөр хутга гарсан нь энэхүү өвөрмөц зохион байгуулалттай холбоотой байж магадгүй юм. Тус хоёр булшнаас чон болон цагаан сувс гарсан юм.
Ширийн чулуунд хүннүгийн үед холбогдох үндсэн дөрвөн оршуулгын газар байдаг ба өнгөрсөн жилүүдэд бид Хэрээ хад болон Зүүн хонхор дэрсэнд малтлага хийсэн юм. Энэ жил Хурц дэл (Eх.22.02, Eх.22.03), Хулгар (Eх.22.06, Eх.22.07) гэсэн хоёр газарт хоёр хоёр булш малтсан юм.
Хурц дэлийн Eх.22.02 дугаартай булш нь модоор таглаж тавьсан дөрвөлжин хэлбэрийн чулуун хашлагатай ба 35-50 насны эрэгтэй хүн оршуулсан байна. Малтлагаас шүдлэн бог малын яс, бүтэн нохойн оршуулга, дорго, гөрөөс, адуу гэх мэт амьтны яснаас гадна ваарны хагархай, даавууны наалдацтай төмрийн үлдэгдэл, хүрэл толины хагархай гэх мэт олдворууд гарсан юм. Үүнээс гадна шил, хув болон ясан сувснууд олдсон байна. Энэ булш өмнөх булштай ижил болов ч чулуун авсны шаланд үйс дэвсэж тавьснаараа ялгаатай. Хүний ясны судалгаагаар талийгаач нь 20-35 насны эмэгтэй хүн байсан нь мэдэгдэв. Мөн булшны нүхний урд хэсэгт 60 орчим см гүнээс, эсгий олбог дээр хошууг нь хойш харуулж тавьсан нохойн бүтэн оршуулга олсон.
Хулгарын хүннүгийн оршуулгын газар нь Ширийн чулууны дунд хэсэгт орших ба нийт 10 хүннү булштай. Eх.22.06 дугаартай булш нь хэмжээгээр жижиг ба 40-ээс дээш насны хүний оршуулгатай. Судалгааны явцад адуу, үхрийн яснаас гадна 0-2 сартай хоёр ишигний яс гарсан юм.
Дараагийн булш нь (Eх.22.07) өмнөх дурсгалын баруун урд талд байрлах ба малтлагаас нас биед хүрсэн хүний ясны хугархай, бод болон бог малын яс гарлаа.
Тус төсөл нь эртний бууц суурин илрүүлэн судлах зорилготой бөгөөд Ширийн чулуунд том жижиг агуй хэд хэд байдаг ба бид энэ удаад Их чулууны Агуйт хэмээх газарт нутгийн иргэдийн Адуун ордон хэмээн нэрлэдэг агуйд сорилтын малтлага (Eх.22.08) хийсэн юм. Агуйн хана болон амны ирмэг дээгүүр олон зосон зурагтай. Нийт 400 х 200 см талбайд 80 орчим см гүн малтсан ба неолитоос эхлэн өнөө үед хамаарах олдвор хэрэглэгдэхүүн цуглууллаа. Үүнд, талбайн дээд үеүдээс бурхны шашинтай холбоотой зүйлс олноор гарсан бол доод хэсгээс хүрэл, төмрийн түрүү үед холбогдох сувс, хүлсний хагархай хэсгүүдийг бүртгэн баримтжууллаа. Үүнээс гадна, хутга мэсний оромтой мал амьтны яс, шатсан ясны үлдэгдэл, үнс нурам нилээд тохиолдож байв. Давхаргын доод хэсэг харьцангуй сайн хадгалалттай байсан бол дээд үед ихэд холилдсон байна. Тус судалгааг 2023 оны зун үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд олдвор хэрэглэгдэхүүн дээр изотоп, он цаг тогтоох, ваарны тослог илрүүлэх гэх мэт олон судалгаа хийх болно.








