Монгол-Америкийн хамтарсан “Дорнод Монгол археологийн хайгуул, малтлага судалгаа” төсөл
















Уг хамтарсан төслийн багийнханы гол зорилго бол эртний нүүдэлчдийн төрт улсын нийгэм, эдийн засгийн зохион байгуулалтыг археологийн хэрэглэгдэхүүнээр тодруулах явдал юм. Энэхүү зорилгын хүрээнд Монгол орны газар зүйн хувьд ялгамжтай бүс нутгуудад үе шаттайгаар археологийн хайгуулын арга зүйг шинээр боловсруулж, эртний нүүдэлчдийн бууц суурин, булш оршуулга, хөшөө дурсгалыг шинээр илрүүлэн олж мэдээллийн санг бүрдүүлэх, шинжлэх ухааны олон талт нягт судалгааг гүйцэтгэдэг билээ.

Хамтарсан төслийн хүрээнд Дорнод Монголын нутагт буй археологийн цогцолбор дурсгалт газар болох Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан уул, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аваргын овоог сонгон авсан нь Дорнод Монголын бүс нутаг нь эртний нүүдэлчдийн дурсгалаар арвин баялаг, тухайн чиглэлээр судалгааны ажил тодорхой хэмжээнд хийгдсэн нь хайгуулын арга зүйг шинээр боловсруулахад таатай нөхцлийг бүрдүүлнэ хэмээн үзсэн юм. Мөн тухайн сонгосон газрууд нь Дорнод Монголын бүс нутгийн олон үед хамаарагдах дурсгалт газрын сайн жишээ болохуйц газар бөгөөд тус төслийн багийнхан умард болон өмнөд бүс нутаг дахь хүннүгийн бууц суурин, булш оршуулгын дурсгалын судалгааг олон жилийн хугацаанд хийж гүйцэтгэж тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Энэ удаад дорнод талын хүннү нарийн аж ахуй, нийгмийн байдлын талаар шинэ хэрэглэгдэхүүнийг цуглуулан бүс нутгийн харьцуулсан судалгаа хийх таатай боломж нээгдэнэ хэмээн үзсэн билээ. Төслийн өөр нэгэн зорилт бол өмнөх төслүүдэд тодорхой хязгаарлагдмал хүрээнд нэг газрыг сонгон авч нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэж байсан бол энэ удаад газар зүйн байдал, дурсгалт газрын байршлаас хамааран 100 гаруй км зайтай орших Дэлгэрхаан уул, Аваргын овоо гэсэн хоёр дурсгалт газрыг оруулан 160х80 км хэмжээтэй талбайг сонгон авав. Урьдчилсан байдлаар тухайн сонгосон талбайд орсон хоёр том цогцолбор дурсгалт газраас гадна тэднээс тодорхой зайтай өөр жижиг хэмжээтэй дурсгалт газрууд байгаа болохыг харж болно. Эдгээр том хэмжээтэй цогцолбор дурсгал, жижиг хэмжээтэй дурсгалт газруудын хоорондын холбоо, том хэмжээтэй дурсгалт газруудын хоорондын холбоо зэргийг тодруулахад чиглэгдэж байгаа билээ.

Тус хээрийн судалгаанд Монголын талаас МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор, доктор Ч.Амартүвшин, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, профессор У.Эрдэнэбат, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн зөвлөх профессор, доктор З.Батсайхан, МУИС-ийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Батдалай, докторант А.Золжаргал, магистрант Б.Дашзэвэг, АНУ-ын талаас Ийелийн Их сургуулийн профессор, доктор У.Ханичёрч, ИБУИНВУ-ын Абердины Их сургуулийн доктор Ж.Врайт, Эдинбургийн Их докторант С.Плиугер нар оролцон ажилладаг билээ.