АНУ-ын Ийелийн Их сургуулийн Антропологийн тэнхимтэй хамтран “Тарвагатайн голын археологийн судалгаа” төслийг 2010 оноос Булган аймгийн Тэшиг сумын нутаг Тарвагатайн голын хөндийд хэрэгжүүлж байгаа билээ. Энэ бүс нутагт археологийн нарийвчилсан хайгуул судалгааны ажил гүйцэтгэж нийт 400 орчим дурсгалыг шинээр илрүүлэн олсон юм. Энэхүү хамтарсан төслийн гол зорилго нь хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн бууц сууринг илрүүлэн олох, тэдний амьдралын хэв маяг, эрхлэх аж ахуйн талаарх мэдээллийг тодруулах явдал юм. Зорилгын хүрээнд тухайн голын саваас нийт 10 гаруй бууц сууринг илрүүлэн олж, археологи болон байгаль шинжлэлийн аргаар нарийвчлан судалж тодорхой үр дүнд хүрсэн билээ. Сүүлийн жилүүдэд Тарвагтайн голын Цагаан эрэг хэмээх газраас дундад зууны үед холбогдох газар сууцыг илрүүлэн олсон нь археологийн томоохон нээлт болоод байна. Энэ он цагт хамаарагдах ийм төрлийн дурсгал манай улсын нутгаас олдож байгаагүй бөгөөд тухайн үеийн нүүдэлчдийн талаар мэдээлэл авах чухал нэгэн судалгаа болж байна. Мөн судалгааны баг эртний цаг уур, хүрээлэн буй орчны судалгаанд анхаарлаа хандуулж, Тэшиг сумын Харгал нууранд тунадасны дээж цуглуулах дэд төслийг хэрэгжүүлж эхлэв.

















