Монгол-Английн хамтарсан “ЗҮҮН ХҮРЭЭ-2022” төсөл
















Тус төслийн зорилго нь Зүүн хүрээний туурийн дороос XII-XIII зуунд холбогдож болох соёлт давхарга илрүүлэх, тухайн цагийн нүүдэлчдийн язгууртны орд өргөөний туурийг олох нь тус экспедицийн гол зорилго болж байна. 2022 онд тус хүрээний тууринд эртний шинжтэй, үл мэдэгдэм болсон дөрвөлжин далан дотор (DzK-3), суварга (DzK-5), дөрвөлжин байгууламж (DzK-6)-ийг тус тус малтав. Төслийн удирдагчаар Монголын талаас МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн профессор, доктор М.Эрдэнэ, МУИС-ийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор С.Өлзийбаяр, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ш.Уранчимэг, Английн талаас Английн Вангийн Хөдөө аж ахуйн академийн судлаач, доктор М.Хортон нар оролцон ажилласан юм.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын дээд урсгалын сав газар орших Зүүн хүрээний туурь нь Хэрлэн голын баруун эрэг, Зүүн Байдлаг голын бэлчир болох тэгш дэнж бүхий газар байрлана. Хүрээний туурь нь эрт цагаас нүүдэлчдийн хот суурин байгуулахад сонгосоор ирсэн газрын байрлал, дундад үеийн хот суурин хийгээд хүрээ хийдийг үүсгэхэд зохицох газар шинжих монгол ёстой гайхалтай таацаж буй болно. МНТ- нд нийтдээ 6 удаа дурдагдсан Хэрлэнгийн эх хавьд орших “Бүрги эрэг” хэмээх газрыг эдүгээ судлаачид эцэслэн тогтоогоогүй байна. Х.Пэрлээ, О.Сүхбаатар нарын эрдэмтэд Багануураас баруун хойд зүгт 24 км-т мөнхүү нэрээрээ байгаа өндөр эрэгт газрыг гэж үзсэн билээ. Мөнгөнморьт сумын төвийн урд, хойгуур нь урсаж, Хэрлэн голд цутгах Баруун, Зүүн Бүрхийн гол орчимд нэрийн ойролцоо дуудлагаар баримжаалан энд багцаалсан судлаачид бас цөөнгүй бий. МНТ-ны мэдээгээр “Бүрги эрэг” хэмээх газар нь тухайн үедээ улс төр, эдийн засгийн том төв байсан нь тодорхой байдаг учраас энэхүү газрын байрлалыг баталгаажуулах археологийн хэрэглэгдэхүүн илрүүлэх нь бидний зорилго болно. Тиймээс Зүүн хүрээний туурь байрлах эл сэрүүн дэнж дээр МНТ-нд олонтаа дурдагдсан Бүрги эрэг дэх Тэмүжиний орд өргөө, их гэр бүхий хүрээ энэ хавьд байрлаж байсан байх магадлалтай хэмээн бид үзэж буй билээ.