Монгол-Германы хамтарсан Монгол Алтайн түрүү хүрэл

default
















Тус судалгааны төв ба ХБНГУ-ын Боннын Их Сургуулийн хамтарсан төслийн хүрээнд 2022 оны зун Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хатуугийн голын хөндий, Цэнгэл сумын нутагт Шивээтхайрхан уулын ойролцоо хүрэл зэвсгийн үед холбогдох хоёр булш малтан судлав.

Монгол-Германы хамтарсан судалгааны анги хүрлийн үеийн нүүдэлчдийн археологийн дурсгалыг малтан судалж хүн ба малын яс олж илрүүлэх, судалгааны эх хэрэглэгдэхүүн цуглуулах, тэдгээрийн он цагийг тогтоох, изотопын ба байгалийн шинжлэх ухааны бусад аргаар илүү нарийн судалгаа хийх үндсэн зорилготой. Ялангуяа харьцангуй бага судлагдсан Алтайн бүс нутгийн Хүрэл зэвсгийн үеийн эртний нүүдэлчдийн аж ахуй, соёлыг археологийн үүднээс тодруулахад хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Судалгааны ангийг Монгол талаас төслийн удирдагч МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, доктор Ц.Төрбат, Германы талаас Бонны Их Сургуулийн профессор Ян Бемманн нар удирдан ажилласан бол хээрийн судалгааны ахлагчаар докторант Н.Баярхүү, туслах ажилтнаар МУИС-ийн Антропологи, археологийн ангийн оюутнууд ажиллав.

Эхний малтлага нь Хатуугийн голын хөндийд нэгэн хадтай уулын бэлд орших Түрүү хүрлээс Хожуу хүрлийн үеийг хамарсан олон төрлийн булш оршуулгын дурсгалуудын дунд орших Хэмцэгийн соёлын нэгэн булшийг малтан судлав. Өнгөн хөрсөн дээр нимгэн хавтгай чулууг босгож эгнүүлэн хийсэн дөрвөлжин хүрээ үүсгэсэн ба уг хүрээний гадна талаар тал бүр тийш тарсан чулуу ихтэй. Хашлаганы төв хэсэгт оршуулгын нүх дугуйрсан (том чулуугаар хийсэн) хүрээний дотор талд битүү чигжээстэй илрэв. Оршуулгын нүхний ёроол хүртэл 10 гаруй үетэйгээр малтлагыг үргэлжлүүлсэн ба булшийг эрт цагт тоносон тул хүний ясыг их тарааж хаясан нь малтлагын үе бүрт цөөн тоогоор тасралтгүй илэрч олдсоор байсан юм. Хэдийгээр маш их тоногдсон боловч нэг хүний оршуулга бараг анхны байрлалаараа нүхний ёроолд хойд ханын дагуу илэрсэн юм. Гавлын яс бяцарч хагарснаас гадна хөдөлсөн ба биеийн бусад ясны ихэнх хэсэг анхны тавьсан байдлаар буюу нэлээд атийлгаж баруун хажуугаар нь хэвтүүлсэн байв. Уг хүний оршуулгын хөлд хонины бололтой толгой дээш харсан байдалтай бяцарч хагарсан байсан бөгөөд уг толгойн дор чулуун таваг доош хөмөрсөн байдалтай илэрсэн бол тавгийг авахад доор нь бас нэг хагас дугуй хэлбэртэй нимгэн чулуун эдлэл, дэргэдээс нь гонзгой чулуун эдлэл нэг ширхэг тус тус илрэв. Олдворуудыг зохих баримтжуулалт хийж авсны дараа хүний ясыг бүрэн авч энэ үед илрээд байсан чулуунуудыг авч малтлагыг үргэлжлүүлэхэд хүний хөл талаас болон оршуулгын нүхний тал бүрээс бог малын бололтой шагай ганц нэгээр илэрсээр байсан бөгөөд мөн хүний мөч ба нуруу, хавирганы ясны үлдэгдлүүд нүхний ёроолд илэрсэн. Өөрөөр хэлбэл энд нийт 2-3 хүний оршуулга байсан бололтой бөгөөд яс нь бүрэн бус, дотоод зохион байгуулалт маш их эвдэгдсэн байна.

Дараагийн малтлага нь Шивээт хайрхан уулын баруун хойд талд жижиг булгийн зүүн дэнж дээр ганцаар орших Түрүү хүрлийн үеийн булшийг малтан судлав. Өнгөн хөрсөн дээр сул чулуу ихтэй, хэлбэр алдагдаж тодорхойгүй болсон. Булшны цэвэрлэгээг хийж дууссаны дараа зохих баримтжуулалтыг хийж төв хэсэгт буй авсны таг чулуунуудыг хуулав. Aвсны урд хананы дэргэд 25 см -ийн доороос хүний ууцны яс илрэв. Улмаар үргэлжлүүлэн малтахад 70-80 см -ийн гүнээс хүний сүүж, дунд чөмөг, шилбэний ясны үлдэгдэлүүд илэрч эхэлсэн ба уг түвшинд бүрэн цэвэрлэгээ хийхэд зүүн хажуугаар нь хэвтүүлсэн хүний бүрэн бус оршуулга илрэв.

Мөн үүнээс гадна Шивээтхайрхан уулын хормойгоор чулуун зэвсгийн үеэс эхлэн хүрэл, түрүү төмөр, түрэгийн үе зэрэг олон үеийн хадны зураг арвин их бий. Үүнээс түрэгийн үед холбогдох зургуудыг нэмж илрүүлэх, баримтжуулах зорилгоор энэ жилийн тухайд урд бэлээр төвлөрөн ажилласан ба цаашид зүүн урд ба зүүн бэлээр ажиллахаар төлөвлөөд байна.