Израиль улсын Хэбрүгийн Их сургууль болон МУИС-ийн Археологийн судалгааны төвийн хамтарсан “Дорнод Монголын хэрэмт хотын судалгаа” төсөл нь 2022 оноос эхлэн хэрэгжиж эхлээд байна. Уг төслийн зорилго нь Монгол орны зүүн бүс нутагт байх Хятан улсын үед холбогдох “Чингисийн далан” хэмээн судалгааны зохиол бүтээлд бүртгэгдсэн шороон далан болон түүний дагууд буй шороон хэрэмт хотын түүх соёл, археологийн дурсгалын хайгуул болон малтлага судалгааны ажил гүйцэтгэх, Хятан улсын улс төрийн бүтэц, нийгмийн зохион байгуулалт, тэр дундаа хилийн хязгаарын бодлогын судалгаанд шинэ олдвор хэрэглэгдэхүүн бүрдүүлэхэд оршдог.
Төслийн хээрийн шинжилгээний ангийн Монголын талын удирдагчаар МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор, доктор Ч.Амартүвшин, Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч профессор, доктор У.Эрдэнэбат, ахлах багш, доктор Б.Жаргалан, докторант Г.Ангарагдөлгөөн, Израилийн талаас Хэрбүгийн Их Сургуулийн доктор, профессор Г.Шелах-Лави, доктор Й.Лотз, Т.Раговский, Т.Л. Штэйнэр, Д. Хэмбэрг, О.Фэнигштэйн нарын судлаачид оролцон ажиллаж байна. Мөн төсөлд оролцогчоор АНУ-ын Ийелийн Их сургуулийн профессор У.Ханичёрч, Питтсбургийн Их сургуулийн профессор Б.Ханкс нарын судлаачид оролцон ажиллаж байгаа билээ.
Манай хамтарсан судалгааны баг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дахь Чингисийн далан түүнд холбогдох байгууламж бүхий бүс нутагт нарийвчилсан хайгуул судалгаа хийхийн зэрэгцээ Дорнод аймгийн Чойбалсан сумын Хар нуур, Хэрст, Их Булагийн аманд малтлага судалгааг амжилттай хийж гүйцэтгээд байна.







