Монгол-Францын хамтарсан “Таван толгой” төсөл
















Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн дурсгалт газарт хийсэн малтлага

2022 оны 8 сарын 29-нөөс 9 сарын 17-ны хооронд доктор, дэд проф. Ц.Төрбат, Г.Энхбаяр, Б.Амгаланбаатар нарын 13 хүний бүрэлдэхүүнтэй МУИС-ийн Археологийн судалгааны төвийн судалгааны баг Францын Цөлийн ба хээр талын хүрээлэнгийн санхүүжилтээр Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн дурсгалт газарт малтлага хийв. Таван толгойн дурсгалт газар УБ хотоос зүүн урд зүгт 750 км газарт оршдог. Таван толгойн дурсгалд Д.Наваан 2004-2008 онд судалгаа хийсэн бөгөөд олон тооны үнэт олдворыг илрүүлсний дотор алт, мөнгөн эдлэлүүд цөөнгүй бий. Эдгээр нь Монголын эзэнт гүрэн ба Юань гүрний үеийн жинхэнэ монгол язгууртны булш оршуулгууд мөн болох нь тодорхой болсон байна. 2010 онд Ц.Төрбатын удирдсан судалгааны баг Таван толгойд ажиллаж Монголын үеийн 3 булшийг малтан олон арван хосгүй үнэт олдворыг нээжээ. Д.Наваан ба Ц.Төрбатын малтлагаас гарсан эдгээр үнэт олдворуудын шилдгүүд нь шинээр байгуулагдаж буй Чингис хааны музейд шилжин очиж үзмэрийн чухал хэсгийг бүрдүүлж байгаа.

Энэ жилийн малтлагын зорилго нь Монголын эзэнт гүрэн (1206-1260), Монголын Юань улсын (1260-1368) үеийн оршуулгын дурсгалуудыг малтан судалж хүний ясны судалгаа болон эд өлгийн зүйлсийн судалгаа хийхэд оршино.

Судалгааны баг хоёр булшийг малтан судалснаас 56-р булш нь хөндөгдөж тоногдоогүй өндөр дээд зэрэг дэвийн хүнийх болох нь илэрхий болоод байна. Энэхүү хөндөгдөөгүй булшинд эмэгтэй хүнийг оршуулсан тул Юань улсын ямар нэгэн өндөр зиндааны язгууртан хатагтайн булш гэж үзэж болно. Хүнээ дагалдуулан богтаг малгай, толь, хайч зэргийг тавьсан нь эмэгтэй хүн болохыг илтгэхийн зэрэгцээ эмээлийн урд бүүрэгний нүүрний хээ чимэглэлд галт шувуу (феникс-фэнхуан) байгаа нь тухайн цагт хатан хүний бэлгэдэл болдог байжээ. Юань гүрний үед луун хээ өндөр дээд язгууртай эрэгтэй хүнийг бэлгэддэг байсан бол галт шувуу өндөр дээд язгууртай эмэгтэй хүний бэлгэдэл болдог байжээ. Энэхүү эмээл маш өндөр түвшинд хөөмөлдөн бүтээсэн мөнгөн гадартай төдийгүй хазаар ба хударга нь мөн гоёмсон мөнгөн даруулгатай юм. Эдгээр бүх шинжээс үзвэл 56-р булш нь яавч жирийн хүн бус харин дээд язгууртай хатагтайн булш болох нь илэрхий байна. Урьд өмнө тоногдож хөндөгдөөгүй ийм хэмжээний хүний оршуулга илэрч байгаагүй тул шинжлэх ухааны олон талын судалгаа хийх өргөн боломж нээж байгаа нь энэхүү малтлагын нэгэн ач холбогдол болно.

Харин 53-р булшнаас хэдийгээр тоногдсон байсан боловч өвөрмөц хийцтэй эмээл, онц сайн хадгалагдсан банзан авс, хүний яс болон холбоо бүхий эд өлгийн зүйлс гарчээ. Тэдгээрийн дотор бүсний оюу хавчаарууд, бүтэн хадгалагдсан ган илд, сумын зэвүүдийг дурдаж болно. Энэ булш эрэгтэй хүний булш байсныг дагалдуулсан эд өлгийн зүйлсийн төрөл зүйлээс харж болно.

Судалгааны багийн удаах малтлага хийсэн дурсгалт газар бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалантын адгийн ширээ юм. Энэхүү дурсгалт газарт Монголын үеийн жирийн иргэдийн нэгэн булшийг малтсан нь нэлээд хөндөгдсөн бөгөөд эд өлгийн зүйлс багатай дурсгал байжээ.