Монгол-Францын хамтарсан “Төв Монголын эртний хүн амын цогц судалгаа” төсөл

default
















Хамтарсан төслийн зорилго нь Монголын төв болон Хангайн бүсийн эртний нүүдэлчдийн оршуулга, тахилгын дурсгалыг малтан судлах, олдвор хэрэглэгдэхүүнийг байгалийн шинжлэх ухааны аргуудаар задлан шинжлэх, Монголын түрүү түүхэн үе ба түүхэн үеийн оршин суугчдын аж ахуй, амьдралын хэв маяг, эдийн соёлыг судлахад оршино. Тиймээс буган хөшөө ба хиргисүүрийн соёлд хамаарах эртний нүүдэлчдийн оршуулга, тахилгын цогцолборт малтлага судалгаа хийх, орчны бүсэд археологийн ба угсаатны зүйн тандалт судалгаа хийх, хөрс, ургамал ба усны дээж авах замаар нарийвчлан судлах зорилт тавин ажиллаж байна.

Тус хамтарсан төсөл 2022 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумдын нутаг, Жаргалантын аманд буган хөшөөний тахилгын цогцолборт ажиллав. Судалгааны ангийг Монгол талаас төслийн удирдагч Археологийн судалгааны төвийн захирал, доктор доктор Ц.Төрбат, Франц талаас Үндэсний Байгалийн Түүхийн Музей ба Үндэсний Шинжлэх Ухааны судалгааны төвийн доктор С.Лепец нар удирдан ажилласан бол хээрийн судалгааны ахлагчаар докторант Н.Баярхүү, мөн Франц талаас Үндэсний Байгалийн Түүхийн Музей ба Үндэсний Шинжлэх Ухааны судалгааны төвийн доктор А.Заззо, Ренний Их Сургуулийн доктор В.Бернард, Шартресийн судалгааны төвийн доктор Д.Жоли нар, мөн антропологи, археологи, археозоологийн магистрант, докторант M.Сервел, Л.Жакуэт, Э.Лассалл, Т.Аккарт нар, мөн МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн оюутнууд ажиллав.

Жаргалантын аманд орших буган хөшөөний цогцолбор дурсгалд буган хөшөөний тахилгын байгууламж нийт 11-ийг, эдгээрийн гадуур тойрон байрлах цагариг хэлбэрийн тахилгын байгууламжуудаас 4-ийг малтан судалсан ба тахилгын цогцолборын хойд хэсэгт байрлах дөрвөлжиндүү хэлбэрийн дараастай хоёр байгууламжийг, мөн цогцолборын урд хэсэгт байрлах сувагласан тойрог хүрээ байсныг тодруулах зорилгоор хоёр газарт шалгаж үзэв. Эдгээрээс гадна урд 1989-1991 оны хооронд Т.Санжмятав, В.В.Волков нарын малтан судалсан дөрвөлжин хэлбэртэй олон малын толгойн яс илэрсэн гэх байгууламжуудаас нэгийг сонгож булагдсан зарим яснаас дээж авч нарийвчилсан он цаг тогтоох зорилгоор нэг байгууламжийн төвийн хэсгийг дахин малтсан болно.