Тус төсөл нь 2022 онд Архангай аймгийн Их Тамир сумын нутаг Хойд Тамирын Баянцагааны хөндийд Түрэгийн язгууртны тахилын онгонд малтлага судалгаа хийв. Төслийн Монголын талын удирдагчаар МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, доктор Ц.Төрбат, эрдэм шинжилгээний ажилтнаар МУИС-ийн Археологийн судалгааны төвийн судлаач Н.Баярхүү, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач Г.Энхбаяр, Францын талаас Э де ла Вайссьер, Монакогийн талаас Ж.Магай нар, туслах ажилтнаар МУИС, МУБИС-ийн оюутнууд ажиллав.
Тус онгон нь гадна талаараа зууван дугуй хэлбэрийн шороон далантай. Суваг нь зүүн урд талаараа бусад хэсгээс харьцангуй гүн бол хойд болон баруун хойд талаараа далан нь харьцангуй өндөр. Тахилгын онгон нэлээд эвдэгдсэн ба харин шороон далангийн зүүн урд хэсэг их налуу байдалтай болсон нь үеэр усны нөлөөнөөс үүссэн бололтой.
Энд урьд нь Оросын судлаач В.В.Волков, В.Е.Войтов нар уг онгонд сорилтын малтлагууд хийж байсан бөгөөд малтлагын ул мөр нь үлджээ. Өнгөн хөрсөн дээр тахилын онгоны хашлага чулуунууд урд хойд талд ганц нэг мэдэгдэж байгаа бол зүүн талд огт мэдэгдэхгүй байна. Харин баруун талд дээр дурдсан судлаачдын хийсэн сорилтын малтлагын үр дүнд баруун ханын 3 хашлага чулуу ил харагдана.
Тахилын онгоны хашлага чулуунуудыг 4 булангаас дотогшоо хотойсон байдалтай өрсөн байна. Хөндлөн зүсэлтийн хойд хэсгээс бод малын эрүү, гавлын ясны хэлтэрхий илэрч олдсон нь орчин цагийнх бололтой. Тахилын онгоны дотор талд хөндлөн зүсэлтийн урд талыг хоёр хэсэгт хуваан баруун хэсгийг малтах явцад тонуулын, өмнөх малтлагын алинд эвдэгдсэн нь мэгдэгдэхгүй хавтгай чулуунууд малтлагын талбайгаас илэрсэн. Мөн тэндээс үргэлжлүүлэн хөндлөн зүсэлтийг гүйцээж гаргахаар зүүн талыг малтсан бөгөөд бод, бог малын ясны жижиг хэсгүүд цөөн тоогоор илэрсэн ба баруун урд булангийн дагууд байсантай ижил том хавтгай чулуунууд хашлаганы дотор талаар анхнаасаа давхарлан тавьсан нь илэрхий болов. Харин хөндлөн огтололын төв хэсэгт модон шон босгож байсан нүх илрүүлсэн бөгөөд уг нүх 1,2 м орчим гүн байжээ. Мөн малтлагын явцад зүүн талын хашлаганаас зүүн тийш 4 м орчим зайд модон баганын суурь хэсгийг илрүүлэн олсон юм. Модон багана нь зэл чулуудын эхэнд байрлалтай нь сонирхолтой юм. Мөн энэ баганын орчмоос орой хэсгийг нь засаж янзалсан хөшөө чулуу илэрсэн. Хөшөөний баруун ба зүүн хажуу талд нь цагаригны бүдэг дүрслэл мэдэгдэнэ. Тус тахилын онгон зүүн тийш 767 м зайд нийт 136 зэл чулуудтай бөгөөд тэдгээрийн 4 нь тамга, тэмдгийн бүдэг дүрслэлтэй.
Өөрөөр хэлбэл энэ жил бид харьцангуй богино хугацаанд ажилласан тул уг тахилын онгоныг бүрэн малтан судалж амжсангүй. Харин тахилын онгоныг баруунаас зүүн тийш огтолсон бүрэн хэмжээний хөндлөн зүсэлт хийсэн нь онцлог байв. Малтлагын явцад илэрсэн шатсан яс, мод, модны нүүрс, малын яс зэргийг шинжилгээнд илгээхээр бэлтгэж байна.






