Монгол-Японы хамтарсан “Хүннүгийн шаньюй Лунчен: Олон улсын хамтын ажиллагаа” төсөл
















Энэхүү төсөл нь 2022 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Монгол талын удирдагчаар МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор У.Эрдэнэбат, зөвлөхөөр археологич З.Батсайхан, судалгааны хэсгийн ахлагчаар МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш Ч.Амарбилэг, тус тэнхимийн докторант А.Золжаргал, Япон талын удирдагчаар Шовагийн Эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Хүсэл Боржигон нар оролцон ажиллаа.

Төсөл нь Булган аймгийн Могод сумын нутаг Баруун Мухдагийн хүннүгийн оршуулгын газарт малтлага судалгаа хийхийн зэрэгцээ Архангай аймгийн нутаг дахь Хүннүгийн үеийн суурин газрын үлдэгдэлд агаарын зураглал хийх зорилготой юм.

Баруун Мухдаг хэмээх газар нь Булган аймгийн Могод сумын төвөөс баруун хойд зүгт  40 орчим км зайд оршино. Тухайн оршуулгын газрын хүннү булшны гол онцлох шинж нь дугуй цагариган хэлбэртэй дараасны урд хэсэгт зориудаар бүтээсэн үүдэвчтэй гэдгээрээ бусад жижиг хэмжээтэй хүннү булшнуудаас ялгарах гол онцлог шинж нь болж өгдөг байна.

Хамтарсан төслийн багийнхан 2022 онд хүннүгийн үүдэвч бүхий чулуун дараастай дурсгалыг малтан судлах ажил буюу 120-р дурсгал дээр төвлөрөн ажилласан байна. Малтлага судалгааны ажлын үр дүнд дугуй хүрээтэй чулуун дараасны үүдэвч нь ялимгүй зүүн урагш 140о чиглэлтэй байх ба үүдэвчийг үйлдэхдээ хавтгай чулуудыг хоёр давхар болгон өрж голын хоосон зайг жижиг чулуудаар дүүргэж чигжиж хаалга мэт болгосон байжээ. Энэ нь Хүннүгийн язгууртны том дурсгалуудын адил орох үүд бус харин зөвхөн төлөөлүүлсэн байдалтай юм. Хүнээ оршуулсан авсны хувьд Хүннүгийн оршуулгын зан үйлд нийтлэг байдаг дүнзээр хашлага хийж дотор талд хүнээ банзан авсанд оршуулсан зан үйл уг дурсгалд ажиглагдсан байна. Мөн малтлага судалгааны үр дүнд шавар сав суулга, адуу малын тоног хэрэгсэл зэрэг олон сонирхолтой эд өлгийн зүйлсийг илрүүлэн олжээ.