Монгол-Японы хамтарсан Чингисийн далангийн судалгаа
















МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН “ЧИНГИС ХААНЫ ДАЛАН: ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ТӨСЛИЙН 2022 ОНД ЯВУУЛСАН  ХЭЭРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АНГИЙН ТОВЧ ҮР ДҮН

2021 оноос Монгол улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны сургууль, Япон улсын Шова Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Чингис хааны далан: олон улсын хамтын ажиллагаа” төслийг эхлүүлсэн билээ. Төслийн зорилго нь Монгол, Хятад, Орос, Япон улсын архив, номын санд хадгалагдаж буй “Чингисийн далан”-тай холбоотой түүхэн эх хэрэглэгдэхүүнийг цуглуулж, улмаар бүс нутгийн хэмжээнд үргэлжлэх “Чингисийн далан”-гийн бүтэц зохион байгуулалт, үүрэг зориулалтын талаар археологийн арга зүй аргачлалын дагуу судлан шинжлэх явдал юм.

2021 онд хамтарсан төслийн багийнхан Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг Урд гэртийн говийн хэрэм, Цагаан-Овоо сумын Арын говийн хэрэм, Хэрлэн барс хот гэсэн гурван газарт бэсрэг малтлага, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

2022 онд тус төслийн хээрийн шинжилгээний анги Дорнод, Өмнөговь аймгуудад ажилласан байна. Хамтарсан төслийн Монгол талын удирдагчаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор, доктор Ж.Урангуа, археологийн судалгааны хэсгийн ахлагчаар МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч профессор, доктор У.Эрдэнэбат, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн магистр Ч.Амарбилэг, А.Золжаргал нар болон МУИС-ийн Археологийн ангийн оюутнууд оролцон ажилладаг байна.

Хамтарсан төслийн судалгааны ангийнхан Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Номгоны хэрэм, Гэртийн нуурын хэрэм, Цагаан-Овоо сумын нутаг Өвдөгийн Цагаан нуурын хэрэмд нарийвчилсан хайгуул хийж, он цаг тогтоох дээж олох зорилготой зарим сорилтын малтлага хийжээ.

Мөн судалгааны ангийнхан Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт өмнөд говийн бүсэд орших Чингисийн далангийн дагуу Байшинтын хэрэм, Сайн Усны хэрэм, Баянбулагийн турь, Годил балгас, Дугшихын балгаст хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна.