ТАМИРЫН УЛААН ХОШУУНЫ ХҮННҮ БУЛШНЫ СУДАЛГАА
















МУИС-ийн Археологийн судалгааны төвийн судалгааны баг Монгол банкны санхүүжилтээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын улаан хошуу дурсгалт газарт малтлага судалгааны төслийг гүйцэтгэж байна. Төслийн удирдагчаар Археологийн судалгааны төвийн захирал, доктор, дэд профессор Ц.Төрбат, эрдэм шинжилгээний ажилтнаар Антропологи, археологийн тэнхимийн багш Ч.Амарбилэг, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Энхбаяр, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн докторант А.Золжаргал нар ажиллаж байна.

Энэхүү дурсгалт газар нь Улаабаатар хотоос баруун зүгт 470 гаруй км зайд оршдог. Тамирын улаан хошуу дурсгалд газарт анх 2000 онд З.Батсайхан Тамирын Улаан хошууг нээн илрүүлжээ. Монгол-Америкийн хамтарсан археологийн судалгааны багийг З.Батсайхан гуайн удирдлагаар 20 орчим булш малтан судалсан байна. 2001-2002 онд оюутны дадлагын хүрээнд МУБИС-ийн профессор Ц.Төрбат мөн 3 булшийг малтан судалжээ. Түүнээс хойш Ц.Төрбатын удирдсан баг 2013-2015 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн ба Францын Тулузийн их сургуулийн хооронд байгуулсан гэрээний дагуу “Тамир” эрдэм шинжилгээний төсөл хэрэгжжээ. Төслийн судалгааны баг 2013-2015 оны хооронд 3 жилд 32 булш малтан судалжээ. 2017-2019 онд Ц.Төрбат профессорын удирсан Монгол Төрийн түүхийн музейн “Тамирын голын хүннүчүүдийн соёл” захиалгат төслийг гүйцэтгэхээр болсон бөгөөд 2017 онд 16 булш малтсан байна. Тус малтлагаас илэрсэн олон тооны үнэ цэнтэй утга агуулга арвин олдворын цуглуулгыг Төрийн түүхийн музейд шилжүүлэн өгсөн байна.

2021 оноос Монгол банкны захиалгат төсөл болгон үргэлжлүүлсэн бөгөөд 2021 онд 3 булш малтан судалж Хүннү судлалыг шинэ хэрэглэгдэхүүнээр баяжуулж чадсан байна. Харин энэ жил буюу 2022 онд 9 булш малтсан байна.

Энэ тусгай захиалгат төслийн хүрээнд Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Тамирын улаан хошууны Хүннүгийн оршуулгын дурсгалт газарт үндэсний хээрийн шинжилгээний ангийг ажиллуулан археологийн малтлага судалгаа хийж хүннүчүүдийн соёл иргэншлийг илтгэх олдвор үзмэрүүдийг бий болгон МУИС-ийн Археологийн судалгааны төв ба Монгол банкны Эрдэнэсийн сангийн хөмрөгийг баяжуулах, Эрдэнэсийн сангаар дамжуулж олон нийтэд түүх соёлоо сурталчлан таниулах эх хэрэглэгдэхүүн бүрдүүлэхэд оршино.

Тамирын Улаан хошуу одоогоор хамгийн олон булш малтан судалсан Хүннүгийн дурсгалуудын тоонд багтаж их хэмжээний сайн баримтжуулалттай хэрэглэгдэхүүн бий болсон нь Хүннүгийн үеийн судалгааны эх хэрэглэгдэхүүнийг баяжуулж, зарим асуудлыг шийдэх боломж нөхцөлийг бий болгоод байна.