2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АРХЕОЛОГИЙН АВРАН ХАМГААЛАХ СУДАЛГАА
















МУИС-ийн Археологийн судалгааны төв нь Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5-р бүлгийн 27-р зүйлийн 8-т “Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулах”, тус зүйлийн 9-т “Урьдчилсан хайгуул судалгаа хийлгэх, илэрсэн түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах ажилд шаардагдах зардлыг захиалагч хариуцна” хэмээх заалтын дагуу 2022 онд ААН, байгууллага, хувь хүний захиалгаар 13 аймгийн 28 сумын нутагт нийт 22 удаагийн археологийн авран хамгаалах судалгааны ажлыг зохион явуулсан байна.

Тус төв нь 2022 онд Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд 11 аймгийн 29 сумын нутагт нийт 16 АНН, байгууллага, хувь хүний захиалгаар хийн хоолой баригдах шугамд 1, ашигт малтмал, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ бүхий 20 талбайд археологийн авран хамгаалах хайгуул судалгааны ажил явуулж нийт 1064 археологийн дурсгал шинээр илрүүлэн баримтжуулсан байна. Үүнд, чулуун зэвсгийн дурсгалт газар чулуун зэвсгийн суурин, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр, шоргоолжин булш болон түрүүлгэ нь харуулсан оршуулгад булш, дөрвөлжин булш, тахилын байгууламж, хүннүгийн үеийн жирийн булш, дундад зууны үеийн монгол булш зэрэг дурсгалууд олон тоотой багтана.

Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Эм Эн Эл Жи” ХХК-ийн ашиглалтын талбайд нийт 6 археологийн дурсгалд авран хамгаалах малтлага судалгаа хийж гүйцэтгэжээ.Тус авран хамгаалах малтлага судалгаагаар хүрэл зэвсгийн үед (НТӨ XII-IV) холбогдох булш 1 (Элэгний худгийн 1-р булш), Хүннүгийн үеийн (НТӨ III-НТ II зуун) булш оршуулгын дурсгал 1 (Хөх өндрийн 5-р булш), Монголын үеийн (XII-XIII зуун) булш оршуулгын дурсгал 4 (Хөх өндрийн 1,2,3,4-р булш) тус тус малтан судаллаа. Уг малтлага судалгааны ажлын хүрээнд 10 гаруй олдвор, эд өлгийн зүйлс илэрч олдов. Олдвор хэрэглэгдэхүүнийг дурдахад, Хөх өндөр 1-р дурсгалаас төмрийн бэлдэц, Хөх өндөр 4-р дурсгалаас чулуун цагариганы хугархай болон ваар савны хагархай, Хөх өндөр 5-р дурсгалаас төмөр хутга, төмөр цагариг, ясан зэв, ваар савны хагархай, Элэгний худаг 1-р дурсгалаас төмөр зэв илэрч олдсон нь тухайн цаг үеийн талаарх олон талт мэдээллийг өгөх шинжлэх ухааны чухал ач холбогдол бүхий сурвалж хэрэглэгдэхүүн болж байна.