МУИС-ийн Археологийн судалгааны төв, Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвийн хамтран ажиллах тухай гэрээний дагуу Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Дангийн овоо хэмээх газар ажиллав. Төслийн удирдагчаар доктор С.Өлзийбаяр, эрдэм шинжилгээний ажилтнаар Дорноговь аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал оролцжээ.
Дангийн овоо хэмээх газарт жалгын ирмэг дагуу баруунаас зүүн тийш эгнэн байрласан 6 ш хүннү булш, арын уулын зүүн шувтаргын жалгын эхэнд таран байрласан монгол хэлбэрийн цөөн хэдэн булш бий. Говь нутгийн хүннү булшны онцлог шинжийг тодруулахад нэмэр хандив болох хэрэглэгдэхүүн илрүүлэх зорилгоор эдгээр байгууламжийн баруун захын 2 булшийг малтан судлав.
Эхний булш нь нь элсэн манханы энгэрт байрлана. Малтлага 290 см гүнд модон хашлагын хойд талд тусгайлан тахилын тасалгаа гаргаж, түүнд чулуун суурь засан дээр нь хэдийгээр хагарсан боловч задгай амсартай, бүрэн шавар тогоо, түүний дотор бог малын цээж хэсгийн яс байна. Ваарны гадна, нүхний баруун хойд буланд мөн бог малын яс бөөгнөрсөн байдалтай. 220 см урт, нүхинй хана тулган хийсэн банзан хашлагын ором мэдэгдэж, түүний хойд захад баруун шанаагаар хажуулдсан гавлын ясны зүүн талд баруун дунд чөмөг, бугалганы яс харин баруун талд нь хавирга, нугалам ясны зарим хэсэг байна. Хашлага нь ёроол болон таггүй, нүхэнд шууд банз модоор хүрээлэн зангидаж, хүнээ тавьсан байдалтай. Хүний ташаа байх ёстой газраас судалт мана, оюу чулууг засаж, өнгөлөн нэвт сүв гаргасан 22 ш сувс, гавлын ясны дороос бөөрөнцөг унжлагат өрөөсөн хүрэл ээмэг тус бүр илэрсэн байна.
Дараагийн булшинд талийгаачийг ямар нэгэн байгууламж хийлгүй шууд нүхэнд тавьсан бөгөөд хойд хананд гавлын яс хөмөрсөн байдалтай, хүний зарим нэг яс нүхний олон хэсэгт тарсан байдалтай байжээ.
Төслийн багийнхан хүннү бүлэг булшнаас зүүн хойш 2 км орчим зайд, уулын бэлд байрлах байгууламжийг малтсан байна. Уг байгууламжийн дараас чулууны харалдаа дороос урт, нарийн давчуу нүх тодорсон ба 60 см гүнд оршуулгын түвшинд хүрчээ. Хонины толгой дэрлүүлэн түрүүлэг харуулсан оршуулга илрэв. Нүхний хөл талд тусгайлан зай үлдээж, паалантсан ваар хагалан, түүний дээр хонины нугалам нуруу тавьсан байна. Хүнийхээ баруун сарвуу орчим төмөр хувингийн сэнж санагдуулам нумарсан төмөр эдлэл, түүний хоёр үзүүрт ширэн дугуй эдлэлийн тасархай үлджээ.
Мөн голоороо дараасгүй, хоосон зайтай хойд зүгт хэлбийсэн зууван чулуун цагариг маягтай байгууламжийг малтсан байна. 100 см гүнээс маш сайн хадгалагдсан модон авс илрэв. Авсны дээр хөл талд нь өргөн далбагар суудалтай модон эмээл тавьжээ. Эмээлийн суудлын шир харьцангуй сайн хадгалагдсан байна. Модон бүтэц болох хойд суудал, урд бүүрэг, хоёр хавтас хэсэг бүхэл байдалтай, төмөр дөрөө нь судлын төдий зэвэрч мөр үлдсэн. Авсны зүүн хойд буланд хонины шаант чөмөг түшүүлэн босгож тавьжээ. Авсыг хоёр банз ирмэгээр нь давхарлан, авсны яс модонд хадаж тогтоосон. Хөл талын ирмэгийн банзыг дээш нумруулан матсан. Авс дотор аарцаг орчим үйсэн хавтас (богтог малгайн хэсэг?) тавьсан эмэгтэйг оршуулсан нь анатомийн байрлалаар илэрсэн байна.









