МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий Газар хамтран “БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө” архивын баримтын эмхэтгэлийг цувралаар хэвлүүлэхээр 2020 оноос эхлэн ажлын хэсэг гарган ажиллаж буй билээ. Тус цувралын 1-р боть “БНМАУ-ын анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд холбогдох архивын баримтын эмхэтгэл” хэвлэгдэн гарлаа. Энэхүү эмхэтгэлд БНМАУ-ын ардын аж ахуй ба соёлыг 1948-1952 онуудад хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний тухай Ю.Цэдэнбалын илтгэл”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх маршал Чойбалсангийн нэрэмжит анхдугаар таван жилийн төлөвлөгөө”, “МАХН-ын 12-р их хурал дээр илтгэсэн МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэл” гэсэн архивын гурван үндсэн баримт бичиг багтсан ба 2 ба 3-р баримтууд нь анх удаа хэвлэгдэж буй юм.
“БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө” баримт бичгийн эмхэтгэлийн цувралын ерөнхий редактораар МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор П.Дэлгэржаргал, 1-р ботийн редактораар МУҮТА-ийн захирал Т.Сайнжаргал нар ажиллав. 1-р ботийг доктор Н.Алтантөгс эрдэм шинжилгээний боловсруулалт хийн эмхэтгэж, цаасан суурьт баримтуудыг МУҮТА-ийн Цахим архив бүрдүүлэлтийн төвийн цахимжуулалт хариуцсан ажилтан М.Болормаа цахим хэлбэрт оруулав. Таван жилийн төлөвлөгөөний эх баримтыг МУИС-ийн Түүхийн тэнхимийн оюутан П.Цэндмаа, Э.Энхжаргал, Н.Энхжин нар кирил бичигт хөрвүүлж, дэлгэрэнгүй товъёог, нэрсийн заагуурыг МУИС-ийн Түүхийн тэнхимийн оюутан Д.Жавзмаа үйлдэж, доктор Н.Алтантөгс, МУИС-ийн Түүхийн тэнхимийн докторант Ц.Энхжаргал нар эхтэй тулгаж хянав.
БНМАУ-ын таван жилийн төлөвлөгөөнүүдийг эмхэтгэн хэвлүүлэх ажлыг дэмжиж, хоёр талаас ажлын хэсэг гарган ажиллуулж буй МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар, Архивын Ерөнхий Газрын дарга С.Энхбаатар нарт гүн талархал илэрхийлье.
БНМАУ-ын таван жилийн төлөвлөгөөний архивын баримтууд нь урьд өмнө хэвлэгдэж байгаагүй бөгөөд үүнийг бүрэн хэмжээгээр хэвлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгосноор Монголын түүхийн судалгаанд төдийгүй, Монголын төрийн бодлого, нийгэм-улс төр, эдийн засаг, соёлын салбарын судалгаанд эх сурвалж болгон ашиглах боломжтой юм.