ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны өргөтгөсөн 45-р чуулган Саудын Арабын хаант улсын нийслэл Риад хотноо 2023 оны 9-р сарын 10-25-ны өдрүүдэд хуралдаж буй бөгөөд 9-р сарын 16-ны өдөр Монгол улсаас нэр дэвшсэн “Deer Stone Monuments аnd Related Sites оf Bronze Age” (Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд) өвийг авч хэлэлцэж Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Монгол улс Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын 4 өв, байгалийн 2 өвтэй болж байгаа юм.
Энэхүү өвийн гол онцлог нь Монгол улсаас бүртгэгдсэн өвүүдийн дотроос анх удаа Дэлхийн өвийн 1-р ангилалаар буюу “Хүн төрөлхтний бүтээлч сод авьяасын шилдэг төлөөлөл” болохын хувьд бүртгэгдэж байгаа явдал юм. Үүний зэрэгцээ 3-р ангилал буюу “амьд байгаа болон үгүй болсон соёл иргэншлийн цорын ганц буюу наад зах нь онцгой ховор гэрч баримт” гэсэн ангилалаар давхар бүртгэгдсэн байна. Дэлхийн өвийн дотор 1-р ангилалаар бүртгэгдэх явдал харьцангуй ховор юм.
“Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” номнацид Архангай аймгийн Хойд Тамирын хөндий, Хануйн хөндийн Жаргалантын ам, Уртын булаг ба Хөвсгөл аймгийн Уушигийн Өвөрийн буган хөшөөний цогцолбор дурсгалт газрууд багтсан. Үүнээс, Хойд Тамирын хөндийн цогцолбор дурсгалт газрын буфер зон 24420.08 га ба 93 буган хөшөө, Жаргалантын амны цогцолбор дурсгалт газрын буфер зон 4964.98 (1), 5229.12 (2) га ба 46 буган хөшөө, Уушигийн Өвөрийн цогцолбор дурсгалт газрын буфер зон 2732.82 га ба 34 буган хөшөө тус тус багтаж байгаа болно.
Ийнхүү шинээр бүртгэгдсэн Дэлхийн өвийн нутагт нийт 173 буган хөшөө багтаж байгаа болно. Энэ нь Монголын нийт буган хөшөөний зөвхөн 13% болно. Дашрамд дурдахад Евразийн хэмжээнд тархсан нийт 1650 гаруй буган хөшөөний 80% зөвхөн Монгол улсын нутагт байдаг болохыг 2021 онд Ц.Төрбат нарын нийтлүүлсэн “Монгол ба бүс нутгийн Буган хөшөөний соёл” бүтээлд тооцоолон дурджээ.
“Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” өвийн номинацийг 2016 оноос хойш археологи ба соёлын өвийн судалгааны үндэсний мэргэжилтнүүд цаг заваа зарцуулан ажилласан юм. Судалгааны багийг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор, Археологийн судалгааны төвийн захирал доктор, профессор Ц.Төрбат ахлан ажилласан бөгөөд багийн бүрэлдэхүүнд МУИС-ийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ж.Гантулга, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Н.Батболд нар оролцон ажилласан байна.
Номнацийн материалыг бэлтгэхэд сэтгэл, зүрх, цаг заваа зарцуулсан бүх хүмүүст гүнээ талархал илэрхийлье. Дэмжин ажилласан Соёлын яам, Боловрол, шинжлэх ухааны яам, Соёлын өвийн үндэсний төвийн ажилтан ба удирлагуудад мөн баяр хүргэж талархал илэрхийлье.
Цаашид Монгол нутаг дахь олон дурсгал Дэлхийн өвд бүртгэгдэх болтугай!
Хойд Тамирын Баянцагааны хөндийн адагт орших буган хөшөөд, Ихтамир, Архангай
Жаргалантын ам, Өндөр-Улаан, Архангай
Ууушигийн Өвөр, Бүрэнтогтох, Хөвсгөл