ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, судлаач эрдэмтдийн залуу халааг бэлтгэх, ахмад эрдэмтдийн туршлагыг өвлүүлэх, хоёр талын эрдэмтэд судалгааны арга зүй, туршлагаас харилцан суралцах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
12 сарын 28-ны өдөр ХУС-ын Ази судлалын тэнхимийн хятад судлал, Европ судлалын тэнхимийн Орос судлалын багш, судлаач эрдэмтэд ОУСХ-ийн мөн чиглэлийн судлаач эрдэмтэдтэй уулзаж ярилцлаа. Уулзалтад ХУС-ын захирал Н.Алтантөгс, ОУСХ-ийн захирал Д.Золбоо нар оролцов. Энэ хүрээнд судалгааны бүтээл номоо солилцож, өнөө хийж буй судалгааны гол ажлууд, төсөл, цаашид хамтран ажиллах судалгааны чиг боломжууд, хамтарсан төслийн тухайд харилцан ярив. ШУА-ийн ОУСХ-д ХУС-ын оюутнууд дадлага хийх, эрдэм судлаачид хамтран ажиллаж ирсэн эртний уламжлалтай бөгөөд энэхүү ажил цаашид илүү өргөн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах болсныг хоёр байгууллагын эрдэмтэд талархан хүлээн авав.
2023 онд хоёр байгууллагын судлаач, эрдэмтэд оролцсон хамтарсан төсөл, судалгааны семинар хэлэлцүүлэг хийх, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар тогтов.