Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 сарын 16-ны өдөр боллоо. Тус хурлаар МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Г.Баттогтох “Орчин цагийн монгол хэлний холбоосын судалгаа”, Б.Энхсувд “Дундад үеийн монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүн, давтамжийн судалгаа” сэдэвт докторын зэрэг горилсон бүтээлээ хэлэлцүүлж зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгааллаа.
Г.Баттогтох монгол хэлний холбоосыг Тогтолцоот үүргийн хэл шинжлэлийн онолын үүднээс судлан шинжилсэн бөгөөд эрдэм шинжилгээний удирдагч нь профессор Б.Түвшинтөгс юм. Б.Энхсувд монгол, дөрвөлжин, араб, перс, хятад бичгээр уламжлан ирсэн дундад үеийн монгол хэлний дурсгалуудын үгийг бүртгэж, үгийн сангийн бүрэлдэхүүн, давтамжийг судлан тодорхойлсон байна. Тус судалгааны ажлыг профессор Д.Заяабаатар удирджээ. Багш нартаа баяр хүргэж сургалт, судалгааны ажилд нь их амжилт хүсье.