Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор М.Баянтөрийн мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал болно – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор М.Баянтөрийн мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал болно

Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Мөнхнасангийн Баянтөрийн мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал 2024 оны тавдугаар сарын 03-ны 13:00 цагаас МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд болох тул үе үеийн газарзүйчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

М.Баянтөр нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт 1934 оны дөрөвдүгээр сарын 04-нд мэндэлжээ. Тэрбээр 1945-1949 онд сумандаа Бүрэнгийн бага сургуулийг дүүргээд, Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг 1955 онд төгссөн. Тухайн жилийн намар МУИС-д элсэж, нэг жил суралцаад ЗХУ-ын Москва хотын М.В.Ломоносовын нэрэмжит их сургуулийн газарзүйн факультетад газарзүйч мэргэжлээр суралцаж 1961 онд төгсөж ирээд тухайн үед шинээр байгуулагдаж байсан Эдийн Засгийн Дээд сургуульд багшаар томилогдон ажиллажээ. Уг сургуульд таван жил ажиллаад, МУИС-ийн газарзүйн салбарт шилжин ирсэн байна. Энэ цаг үеэс газарзүйн салбарыг улам бэхжүүлж, газарзүйч мэргэжилтнийг бэлтгэх үндсэн суурийг тавьсан багш нарын нэг юм. МУИС-ийн газарзүйн салбарт тэнхимийн эрхлэгчээр ажиллах хугацаанд газарзүй, зурагзүй, хөрс судлал, газрын менежмент, аялал жуулчлалын менежмент зэрэг шинэ салбаруудыг нээн сургалт явуулжээ.

М.Баянтөр нь 1965-1970 онд багш, 1970-1977 онд газарзүйн тэнхимийн эрхлэгч, 1977-1981 онд Дээд боловсролын хороонд Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллахдаа тэнхимдээ 50 хувийн багшаар, 1981-2009 онд профессор, тэнхимийн эрхлэгчээр, 2009-2013 оныг дуустал зөвлөх профессороор ажилласан. Нийтдээ дээд боловсролын салбарт 52 жил, МУИС-д 48 жил, үүнээс 26 жил нь тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Түүнчлэн газарзүйн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, орлогч дарга, гишүүнээр 30 гаруй жил ажилласан байна.

Тэрээр “БНМАУ-ын хот суурингийн эдийн засаг, газарзүйн ангиллын асуудалд” сэдвээр 1973 онд докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Тэрээр зургаан докторын диссертацийн ажил, 15 магистрын судалгааны ажлыг удирдан хамгаалуулжээ. Түүнээс гадна нэг сэдэвт бүтээл 10 гаруй, сурах бичиг, гарын авлага 20 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 59, газарзүйн зураг, атлас 17, сурталчилгаа, судалгааны чанартай өгүүлэл, нийтлэл 20 гаруйг, ном, сурах бичигт зориулж шүүмж 10 гаруйг бичиж нийтлүүлснээс гадна 30 орчим ном сурах бичиг, газарзүйн зураг атласын редактораар ажиллажээ.

М.Баянтөр нь МУИС-ийн профессор, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын УБИС-ийн зочин профессор юм. Түүний хөдөлмөр, бүтээлийг Монголын төр өндрөөр үнэлж, ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн зарлигаар Монгол Улсын Гавьяат багш цол хүртээжээ.

Эгэл даруу эрдэмтэн багшийн минь цуу алдар үеийн үед дуурьсаж, эрдэм номын цагаан мөр нь шавь нараараа уламжлагдан цаг үргэлжид түгэн дэлгэрэх болтугай.

МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны Салбарын

Газарзүйн тэнхим