МУИС, ШУС, ХУС-ын ахисан түвшний суралцагчдын 2025-2026 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний нэгдсэн хурал боллоо.
Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахисан түвшний суралцагчдын 2025-2026 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2026 оны 04 сарын 28-ны өдрийн 14.00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны 439 тоотод болов. Хуралд дараах илтгэлийг хэлэлцүүлж, тодорхой санал зөвлөмжийг илтгэгч тус бүрд өглөө. Үүнд:
1) Монгол Улсын санхүү, гаалийн бодлогын Хөлөнбуйр дахь хэрэгжилт (1912-1915 он)
Г.Ариунтуяа, Түүхийн тэнхимийн докторант
Удирдагч багш д-р, дэд проф. Г.Дашням
2) Говийн бүсийн ургамлыг амтлах мэдрэхүйн үүднээс танин нэрлэсний учрыг туршилтаар баталсан нь
П.Лхагважаргал, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн магистрант
Удирдагч багш д-р, проф.С.Батхишиг, д-р, проф.Ж.Батхүү
3) Дууг шинэчлэн найруулах ривөрк бүтээлийн тухайд (Born Retro төслийн жишээгээр)
З.Энхмөнх, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн магистрант
Удирдагч багш д-р Б.Цэцэнцолмон
4) Англи, монгол хэлний /with/-тай нэгжийн хэрэглээ, ойлголтыг бичил асуулт судалгаагаар шинжлэх нь: Бакалаврын түвшний мэргэжлийн ангийн оюутнуудын жишээгээр
Б.Хулан, Гадаад хэл шинжлэлийн магистрант
Удирдагч д-р Ц.Отгонсүрэн
5) Клиникийн ширтэлт: Хүнийг обьект болгохуй ба хэлэгдээгүйг унших шинэ эпистем
Д.Авирмэд, Философи, шашин судлалын тэнхимийн докторант
Удирдагч багш д-р, дэд проф.Ц.Нямсүрэн
Түүхийн тэнхимийн докторант Г.Ариунтуяагийн илтгэл тэргүүн байранд шалгарав.
Илтгэгч нарт комиссын дарга дэд профессор Н.Алтантөгсийн санаачлагаар номын хандив цуглуулан бэлэглэв. Ахисан түвшний эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгээс Ж.Лувсандорж 2 боть-2 иж, Д.Цэнджав 3 боть-1 иж , З.Лонжид 3 боть-1 иж , Г.Лхагвасүрэн 3 боть-1 ижийг хандивлав. Профессор Ж.Урангуа, дэд профессор Д.Баярсайхан, доктор Д.Эрдэнэбат, доктор Б.Бямбаа нар бүтээлийн дээжээсээ хандивлав.



