Социологи, нийгэм хүмүүнлэгийн ухаан, салбар дундын судалгаа шинжилгээний байгууллага, судлаач, шинжээч практик мэргэжилтэн, ахисан түвшний оюутан суралцагчдад

Социологи, нийгэм хүмүүнлэгийн ухаан, салбар дундын судалгаа шинжилгээний байгууллага, судлаач, шинжээч практик мэргэжилтэн, ахисан түвшний оюутан суралцагчдад  

 “Социологи” сэтгүүл 14 дэх дугаартаа хэвлэх бүтээлийн хянан магадлалд (peer review) өгүүлэл авч эхэллээ!!!

Монгол Улсын Их сургуулийн  Социологи-Нийгмийн ажлын тэнхим-ээс эрхлэн гаргадаг Олон Улсын Сэтгүүлийн Стандарт дугаар /ISSN/ бүхий “Социологи” сэтгүүл 2021 оны 4 дүгээр сард хэвлэгдэн гарах 14 дэх дугаартаа шинэ бүтээл хүлээн авч эхэллээ. Багш, судлаач, суралцагч  та бүхэн  3-р сарын 15-наас өмнө мэргэжлийн чиглэлээр туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, судалгааны ажил, шинэ мэдээ  мэдээллээ ирүүлнэ үү. Англи хэлээр туурвисан бүтээл ирүүлж болно. Хянан магадлалаар орж тэнцсэн бүтээлийг хэвлэнэ.

Та  бүтээлээ дурьдсан цахим шуудангаар ирүүлнэ үү.  E-mail:

   Сэтгүүлд хэвлэгдэх өгүүлэлд тавигдах шаардлагыг хавсаргав.

“Социологи” мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэх өгүүлэлд тавигдах шаардлага

Нэг. Агуулгын шаардлага:

  1. Өгүүлэл нь өмнө нь хэвлэгдэж байгаагүй, сүүлийн үеийн судалгааны ажлын бодит үр дүнг тусгасан эрдэм шинжилгээний бүтээл байна.
  2. Авч үзэж буй сэдвийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохистой шийдлийг санал болгож, шинэлэг дүгнэлт, санаа дэвшүүлсэн судалгаа, танин мэдэхүй, онол арга зүй, хэрэглээний ач холбогдолтой байна.
  3. Гадаад дотоодын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдын ном бүтээлээс өргөн ашиглаж, харьцуулан шинжилж, ишлэл авсан байна.
  4. Сэтгүүлд хэвлэгдэх өгүүлэлд шаардлага хангасан эсэх талаар сэтгүүлийн зөвлөлийн гишүүн уншиж, танилцаж, дүгнэлт гаргана. Дүгнэлтийг үндэслэн зөвлөлийн гишүүдийн саналаар тухайн өгүүллийг сэтгүүлд хэвлэнэ.
  5. Шаардлага хангаагүй гэж үзсэн тохиолдолд өгүүллийг дүгнэлтийн хамт зохиогчид буцаана.

Хоёр. Хэлбэрийн шаардлага:

  1. Өгүүллийн бүтэц:

Өгүүлэл нь дараахь ерөнхий бүтцийн дагуу байна.

  • а/ Зохиогч /зохиогчид/,   Зохиогчийн албан тушаал,  Гарчиг
  • Хураангуй
  • Удиртгал /өмнөх үг/
  • Үндсэн хэсэг
  • Дүгнэлт

Формат:

  • Зохиогчийн нэрийг шинэ мөрнөөс эхлэн баруун зах руу шахаж, налуу үсгээр бичнэ. Олон зохиогчтой бол зохиогч нэг бүрийн ард дугаар /1/ тавина. Зохиогчийн нэрийн доор, шинэ мөрнөөс дугаараа /1/ тавьж араас нь зохиогч болгоны зөвхөн байгууллагын нэрийг мөр тус бүрд бичнэ. Үсгийн хэмжээ 10pt байна.
  • Гарчиг нь зохиогчийн нэрнээс доош 2 мөрний зайтайгаар өгүүллийн бичвэрийн төвд /Center/ байрлуулж, үсгийн хэмжээг 12pt, том үсгээр, тод хараар /Bold/ бичнэ.
  • Товч агуулга нь өгүүллийн гол утгыг 200 үгнээс илүүгүй үгэнд багтаасан байх ба үндсэн хэсгээс ялгарах байдлаар, налуу үсгээр, 12pt хэмжээгээр бичигдсэн байна.
  • Өгүүлэл нь Microsoft Word 2010 болон сүүлийн хувилбар дээр бичгийн цаасны /А4/ босоо форматтай, үсгийн фонд нь Times New Roman, үсгийн хэмжээ нь 12pt, мөр хоорондын зай нь хэвийн /Single/, нэг баганад, бичвэрийн 2 тал нь тэгш /Justify/ байхаар бичигдсэн байна.

Хэл:

Сэтгүүлд хэвлэгдэх өгүүлэл нь монгол эсвэл англи хэл дээр байж болно. Өгүүллийн товч агуулгыг 200-аас илүүгүй үгэнд багтаана. Үндсэн бичвэр нь монгол хэл дээр бол хураангуйг англи хэл дээр, харин үндсэн бичвэр англи хэл дээр бол хураангуйг монгол хэл дээр бичнэ.

  • Өгүүллийн нийт хэмжээ 8-иас илүүгүй хуудас байна.
  • Өгүүлэлд багтсан зураг, график, схем, диаграмм зэрэг үзүүлбэр тус бүр нь уншигчдад ойлгомжтой байхаас гадна нэр, тайлбар, дугаар нь тодорхой байна.
  • Ном зүй: APA загвараар хийх.

  

Хуваалцах