“Ухаалаг анги” байгуулах төслийн үр дүн – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль
[layerslider id="2"]

“Ухаалаг анги” байгуулах төслийн үр дүн

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль болон Улаанбаатар 2 Сэжун Институтын зүгээс сургалтанд орчин үеийн шинэлэг арга барилыг нэвтрүүлэх зорилгоор МУИС-ийн 2-р байрын 327 танхимыг “Ухаалаг анги” болгон тохижуулах төслийн саналыг 2019 оны4-р сард БНСУ-ын Сэжун Институт санд хүргүүлсэн билээ. Төслийн бичиг баримт бүрдүүлэлт болон газар дээр нь ирж шалгасан комиссын санал дүгнэлтээр уг төслийн санал батлагдан хэрэгжиж байгаад бид баяртай байна.

Бид зааврын дагуу зөвхөн хэрэгцээ шаардлагаа тодорхойлж, шаардлагатай тоног төхөөрөмжийн зардлыг тусгасан төслийн санал хүргүүлсэн бөгөөд эцсийн дүнд Солонгос талын дүгнэлтээр нийт 40 орчим мянган долларын төсөл (үүнд тоног төхөөрөмж, анги тохижилт, сургалт, сургалтын контент,төлөөлөгчдийн зардал зэрэг багтсан) батлагдсанаас ухаалаг самбар, таблет, таблет цэнэглэх төхөөрөмж, нөүтбоок хийгээд анги танхимын тохижилтод 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

Ийнхүү “Ухаалаг анги” төслийн үр дүнд багш нарын заах арга барилд ахиц дэвшил гарч, сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

Ухаалаг ангийн нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 11-р сарын 25-ны даваа гарагт зохион байгуулсан бөгөөд нээлтийн үеэр МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар     “ШУС нь МУИС-ийн суурь бүрэлдэхүүн сургуулийн хувьд бусад сургуулиудад үлгэр жишээ сургалтын шинэлэг арга технологийг нэвтрүүлсэн сургууль байх ёстой. Үүнд бидний өнөөдрийн анги танхим тодорхой үүрэг гүйцэтгэж байна хэмээн үзэж байна. Цаашдаа ч сургалтын орчин нөхцлийг сайжруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай бөгөөд ийнхүү орчин үеийн сургалтын арга технологид тулгуурласан ухаалаг анги танхимтай болж байгаад баяртай байна.” хэмээн онцоллоо.

БНСУ-ын Visang Education Inc байгууллагаас ухаалаг техник хэрэгслээр хангасан бөгөөд уг байгууллагаас 2 мэргэжилтэн ирж 11-р сарын 24, 25-ны хоёр өдөр ухаалаг төхөөрөмжийг сургалтад хэрхэн ашиглах талаар сургалт явууллаа.