ШУС-ийн “ХЭЛНИЙ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ТӨВ”-ийн нээлт боллоо - МУИС, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн “ХЭЛНИЙ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ТӨВ”-ийн нээлт боллоо

ШУС-ийн “ХЭЛНИЙ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ТӨВ”-ийн нээлт боллоо

Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, шинэ технологи, аргазүйд тулгуурлан судалгааг хөгжүүлэх, туршилтад суурилсан судалгаа хийж, шинэ мэдлэг, шинэ аргазүй, шинэ санаа шийдлийг бий болгох, хүмүүнлэгийн ухаан, тэр дундаа хэл шинжлэлийн судалгааны үр дүнг нийгэмд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, судалгааны үр дүнг инновацийн бүтээгдэхүүн болгож, нийгмийн хөгжилд нэвтрүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгарч байна.

Энэ үүднээс, МУИС-ийн стратегийн төлөвлөгөөнд заасны дагуу судалгааны их сургууль болон хөгжиж, олон улсад эзлэх байр суурийг ахиулахад хувь нэмэр оруулах үүднээс ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын хэлний чиглэлийн тэнхимүүдийг түшиглэн салбар дундын ХЭЛНИЙ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ТӨВ-ийг нээж байна.

Дуу бичлэгийн студи, авианы хэт оношилгооны аппарат (Ultra Speech Sound), Нүд хөдөлгөөний бичлэгийн аппарат (Eyetracker-сэтгэц хэл шинжлэл, танин мэдэхүйн сэтгэл судлал, хэрэглээний хэл шинжлэл), сонсхол авиазүйн программ, хөмрөг хадгалах сервер (Корпус хэл шинжлэл), зориулалтын дуу бичлэгийн карт, мэргэжлийн микрофон (Sure), чиглүүлэгчтэй микрофон, микрофон өсгөгч, HDD аудио бичигч болон хяналтын аудио спикер, мөн задлуурын болон хэмжилт, боловсруулалтын WinPitch, AAA программууд зэрэг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бүхий энэхүү төв нээгдсэнээр МУИС дээр хэл шинжлэлийн өндөр түвшний судалгааны орчин бүрджээ.

Ингэснээр, МУ-д хэл шинжлэлийн судалгааг туршилтад суурилсан аргазүйгээр хийж, хэл шинжлэл, туршилт авиазүй, сэтгэл судлал, танихуйн сэтгэл судлал, сэтгэц судлал, тархи судлалын уулзварт сэтгэц хэл шинжлэл, танихуйн хэл шинжлэл, нейро хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэлийн салбар дундын судалгаа хөгжиж, үр дүн нь нийгэм эдийн засаг, улс орны хөгжлийн тодорхой асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах суурь тавигдлаа.

Тус төвийн цахим нээлтэд МУИС-ийн ШУС-ийн захирал, доктор, профессор Д. Заяабаатар, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор, профессор П.Дэлгэржаргал, Академич, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л. Болд, МУ-ын гавъяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Шагдарсүрэн, МУ-ын гавъяат багш, доктор профессор Г.Буяннэмэх, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй, ШУА-ийн ХЗХ-гийн Хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор, профессор Э.Пүрэвжав, Алтай судлалын секторын эрхлэгч, доктор профессор Ж.Самбуудорж, ӨМИС-ийн МСС-ийн профессор Баярмэнд, БНХАУ-ын нийгмийн шинжлэх ухааны Угсаатан зүй ба хүн ам судлах хүрээлэнгийн Цөөнх тоот үндэстний хэлийн Туршилтын тасгийн эрдэмтэн Урагшилт, МУИС-ийн Франц хэлтэн орнуудын инноваци хамтын ажиллагааны төвийн эрхлэгч доктор профессор Б.Алтангүл, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ш.Эгшиг, Их Британи Америк судлалын тэнхимийн эрхлэгч, доктор дэд профессор М.Даариймаа, Гадаад хэлний төвийн эрхлэгч доктор, дэд профессор Отгонтуяа, Европ судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Булгантамир, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор дэд профессор Түвшинтөгс зэрэг МУИС болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, гадаад дотоодын байгууллагыг төлөөлж олон эрдэмтэн, багш, зочид оролцлоо.

ШУС-ийн “Хэлний туршилт судалгааны төв”-ийн цахим нээлтийг тохиолдуулан “ХЭЛНИЙ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт вебинарыг амжилттай зохион байгууллаа. Уг семинарт “ӨМИС-ийн хэлний туршилт судалгааны тэргүүлэх чиглэл,судалгааны үр дүн” сэдвээр БНХАУ-ын ӨМИС-ийн профессор Б.Баярмэнд, “БНФУ-ын Сорбонны Их сургуулийн Авиа зүй, авиалбар зүйн лабораторийн хэлний туршилт судалгааны үр дүн”-гийн талаар Сорбонны Их сургуулийн Авиа зүй, авиалбар зүйн лабораторийн дэд захирал, профессор Сесил Фужерон, “Монгол хэлний яриа боловсруулалт, бичвэрийг ярианд хөрвүүлэх” тухай сэдвээр МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Ч.Алтангэрэл нар илтгэж, хэлэлцүүлэг өрнүүлэн, орчин цагийн эх хэл, гадаад хэл судлал, хэл шинжлэлийн туршилт судалгааны олон чухал асуудлыг хөндлөө.

 

 

МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
Хэлний туршилт судалгааны төв

Хуваалцах