МУИС-д байгаль, нийгэм, хүмүүнлэгийн суурь шинжлэх ухааны салбаруудын хөгжиж ирсэн уламжлал, эрдмийн чадавхи туршлагад тулгуурлан, дэлхийн тэргүүлэх их сургуулиудын загвар, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Шинжлэх Ухааны Сургуулийг (ШУС) 2013 онд байгуулсан юм.
Тус сургууль нь суурь шинжлэх ухааны олон чиглэлээр судалгаа, сургалт эрхэлдэг томоохон төв болохын хувьд ирээдүйд судалгааны их сургууль болон хөгжих МУИС-ийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй. Одоогийн байдлаар тус сургууль шинжлэх ухааны суурь чиглэлүүдээр сургалт, судалгааны ажил эрхлэн явуулдаг мэргэжлийн 19 тэнхимд 470 гаруй багш, 90 орчим ажилтан, бакалаврын түвшний 9200 гаруй оюутан, ахисан түвшний 1900 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж, 36 багц хөтөлбөрөөр бакалаврын, 41 хөтөлбөрөөр магистрын, 24 хөтөлбөрөөр докторын сургалт эрхэлж байна. Тус сургуульд Гадаад хэлний сургалтын төв харьяалагддаг.
ШУС нь өндөр хөгжилтэй улс орнуудад хөгжиж уламжлал болон тогтсон либерал арт буюу байгаль, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр сургалт эрхэлж мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Оюутнууд мэргэжлийн олон чиглэлээр тус сургуульд суралцдаг бөгөөд ШУС-ийн профессор багш нар МУИС-ийн бусад бүрэлдэхүүн сургуулиудад ерөнхий эрдмийн хичээлүүдийг заадаг. Энэхүү ерөнхий эрдмийн хичээлүүд нь өнөөдрийн оюутан – ирээдүйн мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих өргөн хүрээтэй, гүн гүнзгийн мэдлэгийн үндэс суурь болж өгдөг. ШУС-ийн санал болгож буй хөтөлбөрүүд нь оюутанд сонголт хийж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог юм.
Тус сургуулийн бүрэлдэхүүнд багтдаг 3 үндсэн салбар нь оюутан суралцагчдад байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх бөгөөд шинжлэх ухааны суурь чиглэлүүдээр ахисан түвшний сургалт явуулдаг. Тийм ч учраас тус орны дээд мэргэжилтэй боловсон хүчний ихэнх нь тус сургуулийн төгсөгчид байдаг. ШУС-ийн гол зорилгын нэг бол олон талын чадвартай, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх явдал юм.
ШУС-ийн профессор багш, судлаачид эрдэм судлалын янз бүрийн салбарт олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий тэргүүлэх эрдэмтэд юм. Тэд оюутнуудыг гардан удирдаж, дагалдуулан сургах замаар судалгааны төсөл хөтөлбөрүүдэд ажиллуулж, эрдэм судлалын замд нь хөтлөн оруулдаг уламжлалтай.
ШУС-д сурснаар оюутан Та:
- Гүн гүнзгий мэдлэг, олон талын чадвар эзэмшиж, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх аргад суралцана
- Шинжлэх ухааны олон чиглэлээр үр дүнтэй суралцах орчин нөхцлөөр хангагдана
- Профессор багш, судлаачдын удирдан гүйцэтгэж буй судалгааны төсөл хөтөлбөрт оролцон ажиллах боломжоор хангагдна
- Суралцах хөтөлбөрөө өөрөө сонгож бүрдүүлэх замаар бие даан суралцах орчин нөхцлөөр хангагдана.
Тус сургуулийг төгсөгчид шинжлэх ухаан, соёл, боловсрол, улс төр, эдийн засаг, аж үйлдвэр, уул уурхай зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна. Тус сургуульд суралцсанаар Танд өөрийгөө нээн хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэлэг мэдээлэл, гүн гүнзгий мэдлэг эзэмшиж, олон талын чадвар бүхий мэргэжилтэн болж бэлтгэгдэх боломж бүрдэх болно.
Байгалийн ухааны салбар
- Биологийн тэнхим
- Газарзүйн тэнхим
- Геологи, геофизикийн тэнхим
- Математикийн тэнхим
- Физикийн тэнхим
- Химийн тэнхим
Нийгмийн ухааны салбар
- Антропологи, археологийн тэнхим
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхим
- Социологи, нийгмийн ажлын тэнхим
- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим
- Улс төр судлалын тэнхим
- Эдийн засгийн тэнхим
Хүмүүнлэгийн ухааны салбар
- Ази судлалын тэнхим
- Европ судлалын тэнхим
- Их Британи, Америк судлалын тэнхим
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
- Түүхийн тэнхим
- Философи, шашин судлалын тэнхим
- Утга зохиол, урлаг судлалын тэнхим
- Гадаад хэлний төв